69 төсөлд 521,0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-17 12:10:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-аас 2022 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслүүдээ шалгаруулж, 69 төсөлд нийт 521,0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал, Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар хүсэлт ирүүлсэн 15 сумын 153 төслийг хэлэлцэн, төсөл хэрэгжүүлэгчдээр хамгаалуулжээ.

Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар 57 төсөл ирснээс 31 төслийг сонгож 300,0 сая, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 51 төсөл ирснээс 25 төслийг шалгаруулж 125,0 сая, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 45 төсөл ирснээс 13 төслийг шалгаруулж 96,0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн дэмжлэгт сонгогдсон иргэдийн хувьд оёдол, гар урлал, буйдан үйлдвэрлэл, суран эдлэл, саван үйлдвэрлэл, хүнсний ногоо, модон эдлэл, блок, дугуй засвар, гутал засвар үйлчилгээ, мод үржүүлэх зэрэг бизнесийн санаагаа хэрэгжүүлж, 69 ажлын байр бий болгох аж.

Төсөл сонгон шалгаруулагчдын зүгээс иргэдийн боловсруулсан төслүүдийн хувьд үндэслэл, хэрэгцээ, шаардлагаа муу тодорхойлсон, зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөгөөгүй, бүтээгдэхүүний өртөг тооцох, ашиг, алдагдлаа тодорхойлох зэрэг санхүүгийн тооцоолол зөрүүтэй, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хүрэх үр дүн зэрэг нь тодорхойгүй байгааг онцоллоо. 

Related news