Хөдөлмөрийн баатрын удам залгасан ач хүү алтан төлийн эзэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс хамтран шалгаруулдаг “Алтан төл"-ийн эзнээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин Б.Чинтөгс шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа.
Түүний энэхүү
хүндэт шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн засаг дарга
Н.Лхагвадорж, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар малчны хотонд нь гардуулж
өглөө.
Тэрээр мал сүргээ үр төлөөр нь өсгөн арвижуулж, малынхаа үүлдэр, угсааг сайжруулахад идэвх санаачилга гарган ажиллажээ. Мөн малаас гарах ашиг шимийг боловсруулан зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээрээ үлгэр жишээ болж, хөдөлмөр зүтгэлээ төр засаг, түмэн олондоо үнэлүүллээ. "Алтан тугал"-ын эзэн тэрээр 400 гаруй үхэр малладаг бөгөөд 200 гаруй тугал хүлээн авч, өсгөн бойжуулсан байна. Залуу малчин Б.Чинтөгсийн өвөө шилмэл үүлдрийн хонь өсгөн үржүүлж, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртэж байсан аж. Харин түүний аав улсын гурван удаагийн аварга малчин юм. Удам залгасан буянт малын эзэн удмын үргэлжлэл мал сүргээ өсгөн үржүүлсээр ийнхүү алтан төлийн эзэн болжээ.