УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа

Монголын мэдээ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-20 17:23:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.


Ноён Элчин сайд УИХ-ын даргыг 2021 оны намрын ээлжит чуулган завсарламагц цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага намрын чуулганаараа олон чухал шийдвэр гаргасныг анхааралтай ажигласан гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ирэх гуравдугаар сарын 15-ны өдөр эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр ОХУ-ын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой гэв. Мөн 2021 онд ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ихээхэн ач холбогдол өгснийг тэмдэглэлээ. Тэрбээр, "Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн төрийн айлчлал стратегийн ач холбогдолтой болсон. Үүнийг Монголын ард түмэн хожим нь үнэлэх болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд Монгол Улсын Их Хурлын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг" болохыг онцлов. Түүнчлэн, ОХУ-ын парламентын дээд, доод танхимын дарга хатагтай В.И.Матвиенко, ноён В.В.Володин нар  хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийн төслийн талаарх УИХ-ын даргын байр суурийг уламжлахыг хүссэн гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр амжилттай тэмдэглэн өнгөрүүлж, улиран одож буй 2021 оноо олон томоохон айлчлал, ажлаар дүүрэн үдлээ гэж дүгнэв. Үүнд ноён Элчин сайдын үүрэг, оролцоо чухал байсныг уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв.


Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх талаар томоохон ахиц, дэвшил гарсан гэж Монголын ард түмэн, УИХ үнэлж байгаа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч В.В.Путинтэй олон чухал асуудлаар санал солилцож, хамтарсан тунхаглал гаргасан нь уг айлчлал үр дүнтэй болсны нотолгоо юм. Айлчлалын үеэр хүрсэн тохиролцоог шуурхай хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс энэ жил бидэнд хийх багагүй ажил байгаа гэж харж байна.


Нэгдүгээрт, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах явдал юм. УИХ парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд уг хамтын ажиллагааны комиссын хувь нэмэр чухал гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааны механизм нь хоёр улсын цаашдын парламент хоорондын харилцааны үндсэн талбар болох бөгөөд хамтын ажиллагааны бат бэх суурь нь болно гэдэгт итгэлтэй байна. 


Хоёрдугаарт, бид бүхний хамгийн их анхаарах ёстой салбар бол хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Өнгөрсөн жилийн хувьд худалдааны хэмжээ 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Манай экспорт бага зэрэг нэмэгдсэн статистик байгаа хэдий ч худалдааны алдагдал их хэвээр байна. 1990 онд хоёр улс хоорондын худалдааны хэмжээ 600 орчим сая ам.долларын 500 сая нь Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт байсан. Монгол Улсын экспорт 80 орчим хувь байсан бол өнөөдөр нэг хувь ч хүрэхгүй байна. Иймд худалдааны нөхцөлийг сайжруулах, шинэ бололцоог эрэлхийлэх, уламжлалт худалдааны сайн нөхцөлийг бүрдүүлэх нь иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны салшгүй чухал хэсэг гэж бодож байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллага энэ чиглэлд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна" хэмээв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав.


Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-г хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов.

Related news