Монгол хүний удмын санг хамгаалах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-11 21:38:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн өргөн мэдүүлсэн уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тэрбээр, Ажлын баг энэ сарын 10-нд хуралдаж УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй гурван саналыг хэлэлцэж, томьёоллыг боловсруулсныг онцлов.Үүнд, төслийн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “овгийг” гэснийг “овгийн нэршлийг” гэж өөрчлөх, 3 дахь дэд заалтын “Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганы хугацаанд” гэснийг “Улсын Их Хуралд 2023 онд багтаан” гэж өөрчлөх, 6 дахь дэд заалтын “уялдуулан” гэсний дараа  “хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах,” гэж нэмэн, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах болгож өөрчиллөө гэв.


Үргэлжлүүлэн ажлын багаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Үүний дараа "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 5 болон 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов


Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 3 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан бөгөөд шинэчилсэн журмын төсөлд оруулсан гол өөрчлөлтийг танилцууллаа. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгасныг дурьдлаа. Мөн 2022 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2021 оны 408 дугаар тогтоолоор батлуулж,  төрөөс шимтгэлийг хариуцдаг 18 хүртэлх насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны шимтгэлийн орлогод  2022 онд 163.7 тэрбум төгрөг буюу 2021 онынхоос 79.5 тэрбум төгрөгөөр нэмэн батлуулсныг танилцуулав. Түүнчлэн, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг энэ сарын 1-нээс хоёр дахин нэмэх шийдвэр гарч, 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 307.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор батлуулсан талаар болон эмнэлгүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөллүүдийг тодруулсныг танилцууллаа.


“Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ”-г шинэчлэх Засгийн газрын тогтоолын төсөлд оруулах саналыг боловсруулан танилцуулга болон тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Хүргүүлсэн саналд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож 13.7-35.0 хувиар (дундаж нь 23 хувь) нэмэгдүүлж оруулсан гэлээ. Эрүүл мэндийн сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 118 төсөл, арга хэмжээний нийт 387,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 128,6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалт батлагдсан байна.


Эрүүл мэндийн сайдын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, П.Анужин, Д.Батлут, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэллээ. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.


Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах эмнэлгийн байгуулагуудын магадлан итгэмжлэх журмыг хуулийн хүрээнд шинэчлэх,  эмнэлгүүдийн ТУЗ байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өгөв. Тэрбээр мөн УИХ-ын хаврын чуулган эхлэхээр тогтоолын хэрэгжилтээр дахин мэдээлэл сонсон, тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардана, хөрөнгө мөнгийг зөв зарцуулах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулв.

Related news