ШУА “Тавантолгой төмөр зам” ХХК-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-01-11 15:35:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх Ухааны Академи “Тавантолгой төмөр зам” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт ШУА-ийн ерөнхийлөгч  Д.Рэгдэл, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар өнөөдөр гарын үсэг зурав. 


Энэхүү санамж бичгийн зорилго нь талууд судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж, Монгол Улсын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулахад оршиж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт болон “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалт, хөгжлийн цаашдын үе шатад шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх юм. Талууд мөн  элсний нүүдлийг багасгах, цөлжилтийг бууруулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, зам дагуу зэрлэг амьтдад үзүүлэх нөлөөллийг бууруулах, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах аж.


Related news