“Шинэ сэргэлтийн бодлого” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-12-25 15:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм.

Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6 хувьд хүргэж, нэг хүнд ногдох үйлдвэрлэл 3 дахин өснө. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсөж 85 хувь болно гэж үзэж байна.

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тус бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслийн жагсаалтыг хавсаргалаа. Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр төслийг боловсруулсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Related news