570 гаруй үйлчилгээний ажилтан цахимаар эсэргүүцлээ илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт төрийн үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшил рүү шилжүүлэхтэй
холбоотой цахим эсэргүүцлийг хийж байна.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлийн ажилчдыг хувийн хэвшил рүү шилжүүлэхийг орон нутагт ажиллаж буй үйлчилгээний ажилчид эсэргүүцэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүн Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Улиастай сумын 500 гаруй ажилчин гарын үсэг зурж эсэргүүцлээ цахимаар илэрхийлээд байна.
Завхан аймгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн, төрийн байгууллагын 4000 гаруй ажилчин бий. Үүний 40 орчим хувь нь төрийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, жолооч, манаач гээд үйлчилгээний ажилчид эзэлж байна. Тэд төрийн үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшил рүү шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Өндөр насны тэтгэвэрт гарахдаа авах тэтгэмж, олон жил ажилласны урамшуулал, илүү цагаар ажилласны хөлсөө авах боломжгүй болж байгаа нь ялгаварлан гадуурхалт, ажилчныг хохироосон шийдвэр гэж үзэж байгаа юм. Мөн УИХ, Засгийн газрыг гаргасан шийдвэрээ буцааж ажилчин бидэнд ээлтэй, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан уламжилж онлайн тэмцэлд нэгдээд байна. Одоогийн байдлаар цахимаар тэмцлээ илэрхийлж буй төрийн байгууллагын үйлчилгээний 570 ажилтан гарын үсгээ цуглуулж эсэргүүцэлд нэгдээд байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Үйлдвэрчний эвлэлийн Завхан аймаг дахь салбараас мэдээлэв.