ЗАВХАН: Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн 5500 гаруй албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-03 16:04:03

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 5560 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Төрийн албаны өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдрийг Төрийн албаны өдөр болгожээ.


Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол, төрийн албаны тусгай шалгалтуудыг тогтмол зохион байгуулж байна.


Энэ жил гэхэд төрийн албаны тусгай шалгалтад 250 гаруй иргэн орсон байна. Жил бүр төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн албаны тохирох албан тушаалд томилон ажиллуулж байна. Мөн бодлогоор төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах, ур чадварыг нэмэх, ажиллах нөхцөл боломжоор нь хангахад онцгой ач холбогдол өгдөг.


Манай аймгийн төрийн албан хаагчид өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж үлгэр дуурайлал үзүүлж ажиллахыг эрхэм болгодог.


Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн байгууллагуудад дутуу байгаа орон тоог нөхөх, төрийн албанд ажиллах сонирхолтой бүртгэлтэй алба хаагчдыг шалгаруулах шалгалтыг тогтмол зохион байгуулснаар төрийн албаны босго өндөр хариуцлага өндөр болсон. Ер нь төрийн албан хаагчийн тангараг өргөж, энэ албанд зүтгэх тохиол хүн бүрд тохиодоггүй, нэр хүндтэй алба юм.


Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд захирагдан ард түмэндээ эрх тэгш үйлчилж, үндсэн хууль болон бусад хуулиа чандлан баримталж, төрдөө чин үнэнчээр, идэвх санаачилгатай, хариуцлагатай зүтгэж, ард түмнийхээ тусын тулд албан үүргээ шударгаар биелүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлагыг төрийн албан хаагчид хүлээдэг гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Related news