ЗАВХАН: Отгонтэнгэр уулын орчимд нэн ховор таван зүйлийн ургамал ургадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-04 15:12:06

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын орчимд 20 зүйлийн эмийн ургамал, нэн ховор 5 зүйлийн ургамал ургаж байгааг судалгаагаар тогтоожээ.


Отгонтэнгэр уулын баруун хэсгийн ургамлын төрөл зүйлийн судалгааг 1997 онд доктор.профессор Ц.Цэндээхүү хийж тус судалгаагаар 40 овог, 105 төрөл, 152 зүйлийн ургамал бүртгэгдсэн байна.


Хамгийн сүүлд 2024-2025 онд Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас судалгаа хийсэн байна. Энэ удаагийн судалгаагаар 1997 онд хийсэн судалгааны явцад бүртгэгдсэн 56 зүйлийн ургамлыг бүртгэн тэмдэглэлээ. Мөн Хангайн нуруунд хийсэн бусад судалгааны ажлуудтай харьцуулан судалгаа хийжээ. Харьцуулсан судалгаанаас үзэхэд Отгонтэнгэр орчимд байж болох 7 овог бүртгэгдээгүй байгаа бөгөөд цаашид 40 гаруй зүйл ургамлыг шинээр олж бүртгэх боломжтой байгаа юм.


Отгонтэнгэр уулын орчим дахь ургамлуудыг амьдралын хэлбэрээр нь ангилахад олон наст ургамал зонхилох ба харин монокарп буюу үрээс үүссэн бодгаль цэцэглэж үр удмаа үлдээгээд олон наст шиг дараагийн жилүүдэд дахин дахин цэцэглэхгүй мөхдөг, нэг зүйл ургамал болох вансэмбэрүүг онцолж байна.


Энэ уулын орчим, ялангуяа өндөр, тагд ургах вансэмбэрүүг хамгаалах биологийн үндэс нь энэ юм. Вансэмбэрүү нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Доод гялгар, Даян уул, Отгонтэнгэр уулын өвөр хэсэгт цөөн тоогоор тархсан байна. Тиймээс энэ цэцгийг хамгаалах, олон нийтэд таниулах нь чухал юм.


Судалгааны жагсаалтаас үзвэл эмийн ургамал 20 зүйл, нэн ховор 5 зүйл, ховор 6 зүйл ургамал Отгонтэнгэр уулын орчимд ургаж байгаа нь бүртгэгдээд байна. Отгонтэнгэр орчмын байгалийн ургамлын тухай мэдээллийн санг бүх бололцоот хэлбэрээр бүрдүүлэх, үүний тулд цаашид мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийх шаардлагатай байгаа талаар Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.


Хонин арц, Жавхаалаг Башир - Доод Гялгар


Завхан аймаг, Алдархаан сум, Хөх нуурын дөрөлж ургамлын зүйлийн бүрдлийг тодорхойлж байгаа нь

Related news