ЗАВХАН: Рашаан сувилал, амралтын хоёр газар ахмадуудад хөнгөлөлттэй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-02 17:42:52

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ онд Завхан аймгийн нэр бүхий хоёр сувилал, амралтын газар ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлнэ.  


Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг гаргажээ.


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай энэ жил шалгуур хангасан амралтын 31 байгууллага, сувиллын 24 байгууллага, нийт 55 байгууллага гэрээ хийсэн байна. 2025 онд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст 6-р сарын 25-нд хүргүүлжээ.  


Дээрх батлагдсан жагсаалтын дагуу Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт орших Баянзүрхийн амралтын газар нь ахмадуудад амралтын үйлчилгээг үзүүлж эхэлжээ. 


Баянзүрхийн овооны амралтын газар, рашаан нь ходоод, дотор эрхтний өвчнүүдийг анагаах шидтэй.


Улаанбаатар хотоос 1100 км, аймгийн төвөөс 188 км, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт далайн түвшнээс дээш 2080 метр өндөрт оршдог. Хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоодны архаг өвчнийг анагаахад хэрэглэж иржээ.


Рашаан сувилал нь амрагч сувилуулагчдын 24 байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт, тоглоомын талбайтай. Нэг ээлждээ 120 амрагч хүлээн авах боломжтой. Улирлын чанартай 6-9 дүгээр сарын хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж байгалийн аялал, морь, хөсөг тэргээр Улаан, Хунт, Холбоо нуурын үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.


Сувилгааны төрөл үйлчилгээг ардын эмнэлэг зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч нар тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Рашааны эмчилгээнд хамрагдах үйлчлүүлэгчдэдээ зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эм зэрэг уламжлалт эмчилгээгээ хийдэг. Рашаанд амрах иргэд 60-100 мянган төгрөгөөр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Харьяа аймаг, сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн хэлтсээс эрхийн бичиг авч хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрхийн рашаан амралтын 98184711, 88066507 утсаар холбогдож авах боломжтой. 


Улсын хэмжээнд сувиллын үйлчилгээ үзүүлэх жагсаалтад орсон Завхан аймгийн  Алдархаан сумын нутагт орших Улаан хаалганы рашаан сувиллын газар нь эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх юм.


Улаанхаалгын рашаан нь Улаанбаатар хотоос 1000 километрт, аймгийн төвөөс 50 км-т, Хаалгын эм хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газарт далайн түвшнээс дээш 2280 метрт оршдог. Халуун хүйтэн чанартай рашаан юм.


Рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Кальци, магни, кали, натри, хүхэрт устөрөгч, гидрокарбонат, сульфат агуулсан, цельсийн +10-аас +41 хэмийн халуун хүйтэн хосолсон нийт 61 төрлийн ундарга нээгдсэнээс 21 ундаргыг шинжлүүлж эмчилгээ, сувилгаанд ашиглаж байна. Рашаан нь таван цул, хий шар бадган хийгээд халуун шар, бөөр, зүрх, ходоод, элэг цөс, мэдрэл, үе мөч, ядаргаа, хоолой болон эмэгтэйчүүдийн өвчинд тустай.


Улирлын чанартай ажилладаг бөгөөд зургаадугаар сараас эхлэн 9 дүгээр сарын 15 хүртэл хугацаанд рашааны чанар бөгөөд найрлага нь эмчилгээний түвшинд хүрдэг нь батлагдсан. Рашааны эмчилгээг хануур эмчилгээтэй хослуулж хийдгээрээ онцлогтой. Улаанхаалгын рашаан сувилалд ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг. Харин бусад амрагч, сувилуулагч нь нэг хоногийн 50-100 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээ авах боломжтой аж. Нэг хоногийн үнэд хоол, байр, рашаан эмчилгээ, эмчийн үзлэг, сувилгааны үйлчилгээ бүгд багтжээ. Харин амралт, аялагчид дээрх үнээс гадна нэмэлт үйлчилгээг авах бол тодорхой төлбөртэйгөөр амарч аялж болох аж.


Засгийн газрын 2024 оны “Хөнгөлөлтийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт 7 хүртэлх хоног амарч сувилуулж болох юм.

Нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35000 төгрөг, сувиллын газарт 40000 төгрөгөөр тооцон тус тус тогтоосон байна.


Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой юм.

Улаан хаалгын рашаан сувиллын газар


Баянзүрхийн амралт, сувиллын газар

Related news