ЗАВХАН: Шаазгай нь үүрэндээ элдэв өнгөлөг, гялалзсан эд юмс цуглуулах дуртай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн төвөөр Чигэстэй, Богдын гэсэн хоёр гол урсдаг. Эдгээр голд олон
төрөл зүйлийн шувууд нүүдэллэн ирж зусдаг. Харин жилийн 4 дөрвөн улирал
хүмүүстэй зэрэгцэн амьдардаг шувууд цөөн бий хэмээн аймгийн Байгаль орчны
газраас мэдээлэв.
Аймгийн төвийн орчим ажиглагдсан 11 зүйл шувуудаас хөхвөр тагтаа, шивэрэнхэт бялзуухай, хар хэрээ, улаан хушуут жунгаа, алаг шаазгай, хон хэрээ нь суурин газарт өвөлжиж байна.
Үүний нэг болох алаг шаазгай нь (pica) нь хэрээний овгийн шувуу бөгөөд эх нутаг нь Европ, Ази болон Африкийн баруун хойд хэсэг юм. Шаазгай нь 40-51 см урт, толгой, хүзүү, цээж нь гялалзсан хар өдтэй ба ногоон хөхдүү туяатай. Гэдэс, далны орчим өд нь цагаан байдаг. Сүүл нь ногоовтор солонгорсон хар өнгөтэй. Эр нь эмээс биеэр арай том.
Шаазгай нь шавж хорхой, модны үр жимсээр хооллоно. Хүрэлзгэнэ, чихүүр хорхой зэрэг газар, хөрсөнд байх хорхой мөн иддэг. Намар болоход царцаа барьж иддэг ашигтай шувуу юм. Суурин газарт зарим тохиолдолд сэг зэмээр хооллох нь ч бий. Шаазгай нэгдүгээр сарын дундаас үүр засах газар хайж олон, 3 сарын дундуур гэхэд модны мөчир, сүрэл гэх мэт ашиглан үүрээ барьж дуусдаг. Үл мэдэг ногоондуу туяатай 5-6 өндөг гаргах ба 20 өдрийн дараа хагаран ангаахай болдог байна.
Алаг шаазгайн тухай нийтлэг 8 баримт:
1. Эрт үеэс хүмүүстэй ойр байж ирсэн учир нүүрнийх нь
хувирлаас хамаарч хариу үйлдлээ түргэн шийдэж чаддаг ухаалаг амьтан.
2. Хоол хүнсээ үнэрээр нь олж илрүүлэх чадвартай.
3. Толинд туссан өөрийнхөө төрхийг таньдаг.
4. Үүрэндээ элдэв өнгөлөг, гялалзсан эд юмс цуглуулах
дуртай.
5. Хэрээний овгийнхон дундаа хамгийн урт сүүлтэй нь.
6. Зарим тохиолдолд нэгнээ үхэхэд бөөнөөрөө гашуудлын
"зан үйл" хийдэг.
7. Томхон мал, амьтдын биеэс шимэгч хорхойг нь түүж иддэг.
8. Манай оронд өвөл, зунгүй амьдардаг суурин шувуу.

Алаг шаазгай нь хэрээний овогт багтдаг маш сонирхолтой,
ухаалаг шувуу юм.
Гэрэл зургийг: Т.Өлзийсүх
Ulaanbaatar