ЗАВХАН: Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 50 гаруй хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн хэмжээнд 3298 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 4
хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо өмнөх оныхоос 7.2 хувиар
буурсан боловч улсын дунджаас 1.6 хувиар илүү байна.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. НҮБ 1981 оноос жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийн гол зорилго нь тэгш оролцоог хангах нь хүний суурь эрх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах юм. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан нийгмийг цогцлоох замаар нийгмийн дэвшлийг ахиулах нь” уриан дор тэмдэглэж байна.
Аймгийн нийт хөгжлийн бэрхшээлтэй 3298 иргэний 6.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог аймгийн нийт хүүхдийн тоонд харьцуулж үзвэл 1.0 орчим хувийг эзэлж байна.
Энэ нь орон нутгийн хөгжлийн
бодлого төлөвлөлтийн гол анхаарах асуудал бөгөөд хүн амын бүлгийн нэг хэсэг бол
тусгай хэрэгцээт иргэд гэдгийг харуулж байна. Хөгжлийн гадна хэнийг ч
орхигдуулахгүй байхын төлөө хүүхэд бүрийг тэгш хамруулан сургаж, бие даан
амьдрах чадвартай, мэдлэг боловсролтой иргэн болгож хөгжүүлэх нь төрийн үүрэг
юм. Энэхүү үүргийг хэрэгжүүлэхэд салбар дундын бодлого зохицуулалт, тэр дундаа
эрүүл мэнд, боловсролын байгууллага, эцэг эхийн хамтын ажиллагаа нэн чухал юм.
Өнөөдөр аймгийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 50 гаруй хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа тоон мэдээлэл байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт.
Бид хүүхэд бүрийг ялгаварлалгүй тэгш хамруулан сургах үүprээ
хангалттай биелүүлж чадахгүй байгааг харуулж байна. Цаашид хүүхдийн өмнө үүрэг
хүлээгчид тусгай хэрэгцээт хүүхдийн эрхийг хангахад анхаарч, хууль дүрэм журмын
хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна.
Завхан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бэрхшээлээсээ шалтгаалан харилцан адилгүй байна. Аймгийн хэмжээнд 5118 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 199 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 241 нь сонсголын, 310 нь харааны, 114 нь хэл ярианы, 688 нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Нийгмийн халамжийн сангаас 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг илүү тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорьсон байна.
Ингэхдээ төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн
нийгмийн ажилтнуудтай нягт хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг илүү тэгш, хүртээмжтэй хүргэжээ. Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг малжуулах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, ахмад настны
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нөхөрлөл хоршоо байгуулахад нь дэмжлэг үзүүлэх
гэхчлэн үйл ажиллагаанд 450 сая төгрөг зарцуулжээ.

Мөн төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хурдан-киоск” машиныг ажиллуулж эхэлсэн байна.
Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт дээрх машиныг байршуулж ажиллуулсан байна. Төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан киоск машинаар дамжуулан 370 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчилгээ авсан байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ulaanbaatar