ЗАВХАН: Эх хэлээ түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжихээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймагт үндэсний бичгийн "Түгээгч-тээгч" улсын уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг ангиараа амжилтаа ахиулъя уриатайгаар эхлүүлжээ.
Ерөнхийлөгчийн 2017 оны “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигт, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг эх хэлний өдөр болгон зарлажээ.
Мөн Ерөнхийлөгчийн 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 155 дугаар зарлигт, монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудад уриалсугай” гэж заажээ.
Дээрх зарлигуудын дагуу жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн суралцагчдын дунд “Үндэсний бичиг - Түгээгч, тээгч” улсын уралдааныг зохион байгуулдаг юм. Энэ уралдаан нь нэг сараас дээш хугацаатай аян хэлбэрээр болдог нь үр дүнтэй байдаг. Учир нь элсэлтийн шалгалтад бэлтгэх, массын сургалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Тиймээс энэхүү уралдаанд амжилттай оролцох боломжийг ангиараа амжилтаа ахиулъя уриатайгаар аймгийн хэмжээнд өрнүүлж байна. Энэхүү үйл ажиллагааг аймгийн Боловсролын газар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилээс эхлэн МИГ даатгал ХХК ивээн тэтгэн дэмжиж ажиллахаар дөрвөн жилийн хугацаатай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Ангиараа амжилтаа ахиулах энэхүү уралдаан нь монгол хэл, бичгийн шалгалт, элсэлтийн шалгалт, массын сургалтын чанарыг сайжруулдагаараа онцлог юм.
Эх хэл, бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэх, хадгалан өвлүүлэх ажлыг хийж буй эх хэлний багш нар, идэвх зүтгэл гарган оролцдог суралцагчид, бүхий л нөөц боломжоороо дэмждэг сургуулиудын захиргаа, эцэг эхчүүдээ болон "МИГ даатгал" ХХК-ийн хамт олонд талархаж байна. Тус уралдааны үндэсний бичгийн хичээнгүй бичигтэн анги, шударга уншигч анги төрөлд Завхан аймгаас нийт 61 багш 3009 суралцагч бүртгүүлээд байна.
Уралдааныг үндэсний бичгийн хичээнгүй бичиг, шударга уншлага гэсэн хоёр төрлөөр зохион байгуулдаг бөгөөд тухайн багш төрөл тус бүрд нэг, нэг анги бэлтгэн оролцуулах юм гэж Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв.
Ulaanbaatar