Завханы музей алдартнуудын танхимаараа ялгардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-13 17:08:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Орон нутгийг судлах музейн үзүүллэг болон сан хөмрөгт нийт 10495 үзмэртэй болжээ.

Өнөөдөр тус музейд Алдартны болон Орон нутгийн гэсэн төрөлжсөн хоёр музейтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цар тахлын үед үйл ажиллагаагаа цахимд шилжүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа таслалгүйгээр сүүлийн хоёр жилд 7800 гаруй хүнд хүрч үйлчлээд байна. Харин энэ жил танхимаар үзмэрүүдээ үзүүлж, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг, тусгай мэргэжлийн сургуулийн хүүхдүүд, оюутнуудад зориулсан хөтөлбөрт арга хэмжээгээ сард хоёроос гурван удаа явуулж байна. Энэ жил гэхэд хөтөлбөрт арга хэмжээнд 320 гаруй хүүхэд, оюутнууд оролцож музейн үзмэрүүдийн үнэ цэн, Монголын соёлын өв уламжлалтай танилцаад байна. Энэ сарын 11-ний өдөр аймгийн музейг байгуулж байсан түүхэн 97 жилийн ой болж өнгөрлөө. Энэ өдөр үйлчлүүлэгчдэдээ музейн түүхийг сонирхолтой хэлбэрээр бэлтгэн цахимаар хүргэлээ гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв.

Монголын анхны музейн нэг нь Улиастайн музей юм

1924 оны 12 дугаар сарын 11-нд Завхан аймгийн музейг "Үзэсгэлэнгийн хороо" нэртэйгээр байгуулж байсан түүхтэй.

1922 оноос Хантайшир уулын аймгийн нам эвлэлийн байгууллагын гишүүд дурсгалт зүйлийг бүртгэх, гар бичмэл, хэвлэмэл ном, түүх шастир эртний эд зүйлийг идэвхтэй цуглуулж ажилласны үр дүнд 1924 он гэхэд Улиастай хотод Музей байгуулах бэлтгэл хангагдаж байжээ.

Тухайн үед Улиастай хотод сууж байсан Зөвлөлтийн консул Потоновский болон Ардыг гэгээрүүлэх яамны орос мэргэжилтэн, орчуулагч нарын хамт зөвлөн хэлэлцээд музейд тавигдах үзмэрийн тусгай байр байшин гаргаж 1924 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Үзэсгэлэнгийн хороог байгуулсан түүхтэй. Улиастай хотод байгуулсан музей нь судар бичгийн хүрээлэнгийн орон нутгийн салбар болон ажиллаж байгаад 1928 онд Ардыг гэгээрүүлэх яамны сургуулийн дэргэд анх нээн ажиллаж, Улиастайн хэмээн нэрлэгдсэн Завхан аймгийн Музей нь Монголын анхны музейн нэг болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Аймгийн музей нь 1938 онд Орон нутаг судлах булан, 1947 онд Орон нутаг судлах кабинет, 1967 онд Орон нутаг судлах музей, 2008 оноос Аймгийн музей болон өргөжсөн байна.

Ийнхүү Монгол Улсын орчин цагийн ууган хоёр Музейн нэг болсон түүхийг бүтээгчид өдгөө тус нутгийн түүхийн гэрч болсон архивыг хадгалан хамгаалж, соён гэгээрүүлэх ажлаа тасралтгүй явуулж байна. Музей таныг цаг хугацаагаар аялуулдаг гайхамшигт үзэсгэлэнгийн ордон билээ. Бүх юм мөнх бус харин музей мөнх юм. Завхан аймгийн музей нь бусад аймгийн музейгээс Алдартнуудын танхимаараа ялгардаг онцлогтой. Тиймээс та бүхэн музейн үзмэрүүдийн үүх түүхийг хүүхэд залуучууддаа заавал үзүүлээрэй. Манай байгууллага халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан музейн хоёр танхим нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байна гэв. 

Зургийн тайлбар: /Хутагтуудын танхим -Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгаас тодорсон бөгөөд газарзүйн хувьд Отгонтэнгэр хайрханыг тойрон мэндэлсэн байдаг/


Зургийн тайлбар: /Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн танхим/








Related news