ЗАВХАН: Өв, соёл түүхээ танин мэдэх маркийг бэлэглэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазар, Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжав нарын үнэ цэн шингэсэн маркийг хүндтэй зочиндоо бэлэглэх, албан өрөө байгууллагадаа залахыг уриалав.
Үнэ цэн шингэсэн, утга төгөлдөр маркийг англи, монгол тайлбарын хамт жаазалж хүссэн хэмжээ загвараар нь хэвлэж, баяр наадам, аялал жуулчлалын улиралтай холбоотой багц болгон худалдаж байна.
Маркийг хүмүүс цавуутай эрээн цаас гэж боддог. Үгүй юм шүү. Марк бол улсын тусгаар тогтнолын баталгаа, нэрийн хуудас болж явдаг. Монгол Улс 1924 онд анхны маркаа хийсэн байдаг. Ардын засгийн газрын түшмэд Бат-Очир гэдэг хүний санаачилгаар “Элдэв-Очир” марк хэвлэсэн түүхтэй.
Марк бол тусгаар тогтносон улсыг сурталчилж буй том хэрэгсэл юм.
Тиймээс дэлхийд хамгийн үнэ цэнтэй, үнэтэй бэлгийн тоонд марк ордог.
Монгол маркийн гол онцлог нь өнгөний ялгарал. Монгол зураг өнгөний ялгарал ихтэй байдаг. Мэдээж үндэсний хээ угалзаар чимж өгдөг. Үүгээрээ дэлхийн 200 гаруй орны маркаас ялгагддаг юм.
Марк болгон өөр өөрийн түүхийг өгүүлдэг.
Өөрөөр хэлэхэд, маркийг зүгээр ч нэг дур мэдэн гаргадаггүй. Заавал түүхэн ойн өдрүүдийг тохиолдуулан шинээр бүтээдэг. Гаргах бүрдээ маш олон төрлийн судалгаа, шинжилгээ хийж, янз бүрийн учир холбогдолтойгоор тухайн маркийн зургийг зурдаг.
Энэ талаар судлах тусам улсынхаа түүх, соёлын талаар мэдлэгийг олж авдаг ач холбогдолтой. Нэг ширхэг маркийн зураг маш их түүхийг өгүүлж чаддагаараа онцлогтой юм.
Тиймээс өөрийн гэсэн түүх, үнэ цэнийг өгүүлсэн, таниулсан эдгээр маркийг олон нийтэд таниулах зорилгоор хүндтэй, ойр дотныхоо хүнд, найз нөхдөдөө бэлэглэхийг уриалж байна. Монгол орон болон гадаадын аль ч улсад гэртээ хүргүүлэн авах боломжтой юм.
Эдгээр маркийг өнгөрсөн жил, Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Дилов хутагт Баашлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилд зориулан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар бүтээсэн юм.
Маркийн тайлбар, Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц. Дамдинбазар 1874 онд, Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжав 1884 онд Засагт хан аймгийн Хотгойдын түшээ гүн Загдсамбарын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт мэндэлсэн.
Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь 1912 онд Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайд, 1921, 1922 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажилласан.
Дилов хутагт Б. Жамсранжав нь 1921-1923 онд Улиастайн сайдаар томилогдон ажиллаж байсан.
Энэхүү хоёр хутагт нь бурхны шашны гүн ухаанд нэвтэрсэн, ариун хувраг хүмүүн байсан төдийгүй Монголын нийгэм, төрийн үйл хэрэгт идэвхтэй, зарим үед тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байсан.
Түшлэгт ширээн дээр Жалханз хутагт Ц.Дамдинбазар төрийн сүлд, тамга, долоон эрдэнэ, дөрвөн хүчтэний хамт, Дилов хутагт Б.Жамсранжав номын хувцастай, хонх, очир барин заларч буй нь шашин номд төгс боловсорсон номын багш болохыг бататгасан зохиомжоор дүрсэлсэн.
Маркийн зураачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, бурханч лам Г.Пүрэвбат агсан ажилласан юм. Монголын уламжлалт шүтээн урлагт багш дээдсийг хүндэтгэн дээдэлж, тогтсон бэлгэдлээр шүтээн бүтээдэг уламжлалаар хувь хэмжээний онолоор бүтээсэн бүтээлүүд юм гэж Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газраас мэдээлэв.