ЗАВХАН: Хойд мөсөн далайн ай савд хамгийн түрүүнд цутгаж хүрдэг Идэр гол

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-07 18:57:31

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Идэрийн гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг, Хангайн нурууны Өндөр өлзийт хэмээх булуу уулын араас эх авч урсдаг.


Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Төмөрбулаг, Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сум гэх мэт арваад сумын нутгаар дайран урсаж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант сумын зааг Олон голын бэлчир хэмээх газар Дэлгэр мөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг.  Голын урт 452 км бөгөөд 24.555 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлнэ. Идэр голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь Чулуут гол юм.


Идэрийн гол нь Хойд мөсөн далайн Хар тэнгист цутгадаг Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисей мөрний эх бөгөөд энэ их усан сүлжээ нь уртаараа Хойд мөсөн далайн ай савд нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог.  


Идэрийн гол нь ямар ч ганд автаж үзээгүй их устай элбэг баян мөрөн тул нутгийнхан нь "Идэр ижий" хэмээн хүндэтгэн шүтдэг.  Их зохиолч Д.нацагдорж нэгэн бүтээлдээ, “Хангайн сайхан нуруунаас эх авсан Идэрийн сайхан гол өндөр уулаас буусан тул урсгал түргэн, эрэг дээр сууж чагнахуйяа бас хөгжим мэт” гэж тэмдэглэсэн байдаг.


Монгол орны үзэсгэлэнт сав шим газартай Идэрийн голыг уртаараа дэлхийд тавдугаар байрт ордог гэдгийг Америкийн жуулчин Дон Кронер “Монгол орны хоймор нутгаар” номдоо, Идэр голын эхийг 1995 онд судалж байсан талаар бичжээ.


Энэ номд “Хойд мөсөн далайн ай савд хамгийн түрүүнд цутгаж хүрдэг Енисей мөрнөөс хөөн Ангар, Сэлэнгэ, Байгал гэж туучуулан яван явсаар хамгийн цаад тулгарах эхийг олох гэж зориглосоор мэтгэсээр түүний эх нь Идэр гэдгийг  тогтоосон.

Улмаар Идэр голын эхийг олох гэж итгэл сэтгэл нийлсэн 11 хүн нэгдэн цас бороо, элдэв саад бэрхшээлийг ажрахгүй давж далайн түвшнээс 2730 метрийн өндрөөс ундарч байгаа эхийг нь олсон юм” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.


Идэр голын сав газар хангайн тойрогт хамаардаг. Хангайн тойргийн ургамлууд Монгол Алтайн тойргийн дараа орохоор баялаг ургамлын аймагтай юм. Идэр голын ай сав дагуух ургамлууд нь хус, бургас, боролзгоно, харгиастай, өвслөг тагийн нугын ургамлууд, тундрийн сөөгт ургамлуудтай. Шинэсэн цармын ойтой, эмийн шинж чанартай ховор ургамлууд олон бий. Идэр голын эхийн ай савын орчимд 600 гаруй ургамал судалгааны тайланд бичигдэн үлдсэн байна.


Энэ зуны аяллаараа Идэр голыг зорих бол энд “Идэр гол ресорт” нэртэй тухтай амралтын газар бий.


Байгалийн сайханд, цомцог гэрийн тав тухтай орчинд амарч, Идэрийн голын хөвөөнд байгалийн амар тайван уур амьсгалыг мэдэрч болно.  

Амралтын газрын цомцог гэр бүрд зочдын тав тухыг бүрэн хангахуйц ор, тавилга, ариун цэврийн өрөө, душтэй. Халуун хоол, уух зүйлстэй, “Идэрийн голын хөвөөнд таны зүрх амарна” уриатай тус амралтын газартай 88118684 утсаар холбогдох боломжтой юм.


“Идэр гол ресорт” нь Улаанбаатар хотоос 800 орчим км, Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 12 км-ийн зайд,

Их-Уул сумаас 38 км-ийн зайтай оршдог.  

Идэр голын эрэг дээрх Завхан аймгийн Идэр сум


Хөвсгөл аймаг Идэр гол

Жавар тачигнасан өглөө Идэр мөрний хөвөөнд, Завхан аймаг, Их-Уул сум.

Олон голын бэлчир: Идэрийн гол, Дэлгэр мөрөн, Бүгсэйн гол, Чулуутын гол

Идэр мөрний өглөө, Идэрийн гол Цагаан голын бэлчир, Завхан аймаг, Идэр сум, Дархан-Уул баг.
Гэрэл зургуудыг: П.Баатарзоригт, Б.Эрдэнэбулган

Related news