Завхан аймаг 3700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-09 15:43:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж олон улсын тэмцээн болон параолимпод амжилттай оролцсон иргэдээ урамшууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тодруулбал, Абу Даби хотод 2019 онд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон иргэн н.Элбэгжаргалыг 8.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан батламжийг гардуулан өглөө. Манай аймаг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, нийгмийн суудлыг нь сайжруулах, тэдний эрхийг хамгаалах олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар тодорхой төсвийг баталж ажилласан. Энэ жил гэхэд таван сая төгрөг төсөвлөж, цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр болон Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж, тэдний дунд асуулт, хариулт, урлагийн миний тэмцээнүүдийг зохион явуулж урамшуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж нэг сая төгрөгийн хандивыг өгөөд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрөөр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллага нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрүүл мэндийн багц үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж зэргийг хэрхэн авах талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн нийгмийн халамж, асрамж хүртэгч гэж ойлгох ойлголт дэлхий даяар өөрчлөгдсөн. Тиймээс Завхан аймаг тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх замаар нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа гэв.



Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх төвтэй болно

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё, хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулсан.

Үүнд аймгийн Засаг дарга оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих, хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрт хамруулах, тэдний амьжиргааны түвшнийг дээшлүүлэх олон талын үйл ажиллагааг жил бүр явуулна. Мөн аймгаа хөгжүүлэх 2022 оны жилийн үйл ажиллагаанд эдгээр иргэдэд зориулсан төвийг байгуулж, тохижилт үйлчилгээнд 20 сая төгрөгийг зарцуулна. Төвийн үйл ажиллагаанд дөрвөн сая төгрөг баталснаа танилцуулж цаашид бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Мөн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахад дэмжин ажиллаж байгаа Б.Тэрбиш, С.Энхцацрал, Б.Туяа Г.Должинсүрэн, Б.Намжилсүрэн нарыг аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг, 200 мянган төгрөгөөр шагналаа.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч амьдралаа өөд нь татаж яваа иргэн н.Мөнхбат, н.Очирбат нарын гэр бүлийг “Шилдэг гэр бүл”-ээр, Э.Сандуйжавыг “Шилдэг иргэн”-ээр, О.Энхбатыг “Шилдэг эцэг эх”-ээр шалгаруулж өргөмжлөл, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. Завхан аймаг 73.2 мянган хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ам 3721 буюу нийт хүн амын 5,1 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг жил бүр сайжруулах олон талын үйл ажиллагааг явуулж буй төрийн байгууллагууд, аймгийн удирдлагуудад иргэд маань талархал илэрхийлж ам сайтай байгаа гэж аймгийн Хараагүйчүүдийн холбооноос нэмж мэдээлэв.

Ташрамд Завхан аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэрхшээлийн хэлбэрээр нь авч үзвэл, харааны бэрхшээлтэй 348, ярианы бэрхшээлтэй 117, сонсголын бэрхшээлтэй 321, хөдөлгөөний бэрхшээлтэй 895 иргэн байна. Мөн сэтгэцийн бэрхшээлтэй 759, хавсарсан бэрхшээлтэй 178, бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 1103 иргэн байна гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Related news