Зүүн Африкт эмэнд тэсвэртэй хумхаа тархаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
КАМПАЛА. /NHK/. Зүүн Африкт хумхааны эсрэг хамгийн үр дүнтэй эмэнд тэсвэртэй халдвар хурдацтай тархаж байгааг олон улсын судлаачдын баг тогтоожээ.
Шумуулаар дамждаг шимэгчээр үүсгэгддэг хумхаа нь аминд халтай гурван халдварт өвчний жагсаалтад сүрьеэ, ДОХ-той зэрэгцэн бичигддэг. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн хэмжээнд жил бүр 200 сая гаруй хүн хумхаагаар өвчилж, 400 мянга гаруй хүн нас бардаг байна.
Японы “Juntendo” их сургууль, Угандагийн “Gulu” их сургуулийн судлаачдаас бүрдсэн баг Уганда дахь артемизинин эмэнд тэсвэртэй хумхаа өвчний тархалтыг судалж, үр дүнг нь “The New England Journal of Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.
Судлаачдын мэдээлснээр, 240 өвчтөнийг судалгаанд хамруулахад 14 нь буюу 5.8 хувь нь артемизининд тэсвэртэй хумхаагаар өвчилсөн байжээ. Мөн тэдний 13 нь артемизининд тэсвэртэй мутаци бүхий шимэгчээр халдварласан байв. Харин 2015 онд хийсэн цусны шинжилгээнээс ийм мутаци илрээгүй бол 2019 онд шинжилгээ өгсөн өвчтөнүүдийн 16 хувиас нь илэрсэн байна.
Судлаачдын баг артемизининд тэсвэртэй шимэгч үүссэн талаар гурван жилийн өмнө анх мэдээлж байсан бөгөөд энэхүү судалгаа нь эмэнд тэсвэртэй хумхаа үнэхээр тархаж буйг батлан харуулжээ. Иймд эмэнд тэсвэртэй хумхааны тархалтыг хянах тогтолцоог бий болгож, шинэ эм гарган авах шаардлагатай байна гэж “Juntendo” их сургуулийн профессор Мита Тошихиро хэлжээ.