АСЕМ болон Ази, Европын Түмний чуулган өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо дүгнэв
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын дагалдах хурлуудын нэг Ази, Европын Түмний 11 дүгээр чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн бөгөөд Энэтхэгийн илтгэгч Анурадха Ченой, Их Британий Нэгдсэн вант улсын илтгэгч Анди Рутфорд, Германы илтгэгч Себастьян Берсик, Европын холбооны төлөөлөгч Марко Ферри нар АСЕМ болон Ази, Европын Түмний чуулганы өнгөрсөн 20 жилийн алдаа оноонд дүгнэлт хийв.
Германы Рух их сургуулийн профессор Себастьян Берсик АСЕМ нь анх 1996 онд 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр гишүүнчлэлийнхээ тоог нэмэгдүүлж, Ази тивийн 21, Европын 30 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэн цар хүрээгээ өргөжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нийт 51 улс, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн амжилт үзүүлсэнийг онцлов.
Түүнчлэн Ази-Европын орнуудын Засгийн газар болон улс төр, эдийн засаг, иргэний нийгэм гэх зэрэг олон салбарынхны үзэл бодлоо илэрхийлдэг талбар болсон зэрэг эерэг талууд цөөнгүй бий. Гэхдээ чуулганы цар хүрээ өргөжсөн хэдий ч тодорхой барьцтай үр дүнд хүрсэнгүй. Тодруулбал улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг анхаарал татах салбарт бодитой шийдвэр гаргахгүй байна. Үүний зэрэгцээ чуулгануудаас гарч буй зөвлөмжүүдийг зохих түвшинд хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг сул тал байгааг дурдав. Мөн тэрбээр АСЕМ-д хоёр тивийн бүх улс орон нэгдээгүй цагт хамтын ажиллагаа бүрэн бэхжих бололцоогүй. Гэтэл өнөөгийн түвшинд тодорхой үр дүнд хүрэх хэрэгцээ шаардлага нийгэмд байсаар байна гэв.
Манай Улс 2014 онд Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтаас энэ удаагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан. Энэхүү эрхийнхээ хүрээнд өнөөдөр АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг Ази, Европын Түмний 11 дүгээр чуулганыг Төрийн ордондоо зохион байгуулж байна. Ард түмний чуулганыг зохион байгуулагчдын хувьд чуулганаас гарах санал шийдлүүдэд хяналт тавьдаг стратеги боловсруулах, хурал зөвлөгөөнүүдийн уялдаа холбоог сайжруулах, үүний тулд дагалдах хурлуудын зохион байгуулах хороодтой хамтран ажиллах тал дээр анхаарах зэрэг зорилт дэвшүүлжээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал