Бүтээн байгуулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.
Тэрбээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хөгжлийн
бэрхшээлтэй иргэний үйлчилгээ авах боломж, нөхцөлийг нэмж, байгууллагын орц,
гарц, мэдээллийн самбар, стандартын ариун цэврийн өрөө бий болгож, угтах
үйлчилгээнд дохионы хэлмэрч орчуулагч ажиллуулах хэрэгтэйг онцолсон юм. Мөн
бүтээн байгуулалтад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмж, тэдний эрхийг хангах,
төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах боломжийг нэмэгдүүлэхэд нутгийн
захиргааны байгууллага
санаачилгатай ажиллах хэрэгтэй гэв.
Хөдөлмөрийн тухай хуульд 25 болон түүнээс
дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв,
түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна
гэж заасан байдаг. Энэ дагуу
байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр
хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, энэ талаарх мэдээллээ нэгтгэж, эргэн
мэдээлэхийг салбар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
Хөгжлийн
бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын багт орох,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах квотыг
нэмэх зэрэг хүсэлт гаргажээ.