АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг түр хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-21 12:01:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотой маргаантай асуудлыг тодорхой болох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг түр хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн тухай АН-ын дарга М.Тулгат өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй талаар жишээ, баримт байгааг АН-ын өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Ингэхдээ, санал тоолох төхөөрөмжийн программд нөлөөлж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тодорхой хүмүүсийг ялуулах үйлдэл гарсан талаар зургаан сарын турш хуулийн байгууллага шалгасан ч эцэстээ хохирогчгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан нөхцөл үүсжээ. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах нь зохимжгүй гэдгийг АН-ын дарга М.Тулгат мэдээллийн үеэр тодотгов. 


Тиймээс мэргэжлийн байгууллага болон УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж хохирсон нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулан Зөвлөл байгуулж асуудлыг шийдвэрлэж, тодорхой болгох шаардлагатай гэж үзэж буйгаа тэрээр онцоллоо.

Related news