Зохиогчийн эрх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөприйн нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг төслийг энэ сарын 27-нд хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 3 санал гаргажээ. Тухайлбал, 41.6 дахь хэсгийг 41.6, 41.7 дахь хэсэг болгон өөрчлөн найруулахыг чуулганаар дэмжив. Тодруулбал, 41.6-д, “Хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй , хэвлэмэл бүтээгдэхүүн унших бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон эрх бүхий байгууллага эсхүл дээд байгууллагын албан тушаалтан нь бүтээлийг энэхүү хүмүүст хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, хил дамнуулан солилцох, хүлээн авах, түгээх, боловсролыг дэмжих зорилгоор мэдээллийн технологиор дамжуулан номын сангийн материалыг хүртээмжтэй болгож сургалтад ашиглах, бүтээлийг хичээлийн танхимд ашиглах, дэлгэж үзүүлэх, бүтээлийг зайны сургалтад зориулан хэсэгчлэн ашиглахыг зөвшөөрнө” хэмээн заав. Мөн 41.7-д, “Бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллага хандсан бол цахим хувийг хадгалж байгаа хувь хүн, байгууллага саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” хэмээн заажээ.
Мөн чуулганаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар дээрх хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.