Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-10 11:28:33

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллаж, Гурванбулаг сумын Авзага багийн нутагт байдаг бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төвийн ажилтай танилцлаа.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төслийг  ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Өвөрмонголын Багшийн Их сургууль, Тариалан Мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны талбайд үетэн болон буурцагтны овгийн найман сортын ургамал тариалан бэлчээрийг нөхөн сэргээхэд аль ургамал илүү үр дүнтэй байгааг судлан, цаашид бэлчээрийн төлөв байдлыг сайжруулахад ашиглаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломж бий болгохоор зорьж байгаа талаар төслийг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд тайлбарлалаа. Энэхүү туршилт судалгаа нь Монгол орны хуурай хээрийн бүсэд хамгийн анх удаа, 30 га талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх туршилт хийснээрээ онцлог юм гэж ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шижилгээний ажилтан, уг төслийн удирдагч М.Уртнасан ярилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Туршилт судалгааны маш үр өгөөжтэй ажил хийж байна. Ер нь бусад аймагт бэлчээрийг сайжруулах зорилгоор энэ ажлыг хийж хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэлээ.

Ерөнхий сайдын ажлын багт УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, УИХ, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын албаны хүмүүс ажиллаж байна.

Related news