Улсын хэмжээнд 11 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд коронавирусний нийт 42 тохиолдлын 60 хувь нь ОХУ-аас, бусад нь 11 улс орноос зөөвөрлөгдсөн. Тэдний 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй бол 11-65 насныхан байгааг ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээллээ.
Эмнэл зүйн хувьд 40 хувь нь хөнгөн, 35.7 хувь нь дунд, 17 хувь нь хүндэвтэр, 7.3
хувь нь хүнд буюу маш хүнд гэсэн клиникийн явцтай байжээ. Бүртгэгдсэн тохиолдлуудаас
15 нь эдгэрч ХӨСҮТ-ээс гараад 14 хоног сувилалд, 14 хоног гэртээ
тусгаарлагдаж байгаа аж. Одоогоор эдгэрсэн
хүмүүсийн тав нь сувилалд, хоёр нь ХӨСҮТ-д, нэг хүн гэрийн ажиглалтад, долоон хүний ажиглалт, хяналтын хугацаа дууссан байна.
Нэгдүгээр сараас
хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд вирус судлалын лабораторид нийт 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ.
Улсын хэмжээнд Дорнод, Ховд, Дархан-Уул, ХӨСҮТ-д
хоёр, ЗӨСҮТ-д нэг, нийт зургаан лаборатори ажиллаж, хоног тутам 90-120 хүнд “COVID-19” халдвар
илрүүлэх шинжилгээ хийж байна.
2020 оны нэгдүгээр сарын 7-ноос хойш өнөөдрийг хүртэл сэжигтэй 316 тохиолдлыг тусгаарласнаас коронавирусний халдвар илрээгүй бөгөөд 78 хувь
нь амьсгалын замын цочмог хүнд халдварын эмнэл зүйн шинж тэмдэгтэй
байжээ.
Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ээс 12 тусгаарлан ажиглах байранд 500 орчим хүнд тандалт судалгаа хийсэн байна.