МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Ганбатын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар асуулт асууж хариулт авсан. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 33 саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд дээрх саналууд тус бүрээр санал хураалт явуулсан юм. Түүний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан асуудлуудаас 5 хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлуулж хуралдааныг өндөрлүүлэв.