Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт WBC-гийн аваргын бүсийн төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-13 15:54:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай боксчдын төдийгүй Монголын спортын түүхэнд 17-хон насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн хүн байхгүй юм.


Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт нь 2009 онд 17 насандаа ДАШТ-ий мөнгөн медаль, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн нь Монголдоо онцгой содон  шинэ дээд амжилтыг тогтоосон билээ.


Түүний өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх 1900-гаад оны эхээр амьдарч байсан гэдэг. Тэр бөх Даншиг наадамд түрүүлж “Улам өрнөх” цол авч байжээ. Н.Төгсцогт хүүг төрөхөд нь сайн бөх болохыг бэлгэдэж, өвөө нь ууган ачдаа Улам-Өрнөх Төгсцогт гэдэг нэр хайрласан байна. Харин эмээ болон аав, ээж нь төрсний гэрчилгээний овог нэр бичих зайд багтахгүй дэндүү урт болохоор Улам-Өрнөхийг нь хасаад Төгсцогт гэж бичүүлсэн гэдэг.


Ирээдүйн аварга багаасаа л олимп гэж юу байдгийг ч мэдэхгүй байхдаа олимпоос алтан медаль авчирлаа гэж тоглодог байж. Түүнийг өхөөрдөн олимпын аваргаа гэж дууддаг байж. Тэр багадаа телевизээр боксын тэмцээн үзээд энэ спортоор л хичээллэхгүй юм шүү, аймаар чанга цохиулаад хэцүү юм байна гэж боддог байснаа хожим дурссан байдаг. Харин өвөө нь түүний нударгыг нь зангидуулж байгаад гар руугаа цохиулж сургасан бөгөөд өвөөгийнхөө гар руу цохисоор байгаад боксын спортод дурласан байх гэж нэг удаагийн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.


Тэр 10 наснаасаа хоёр жил гаруй жүдо бөхөөр хичээллэж байсан бөгөөд бэлтгэлдээ тогтмол явдаггүй, тэмцээн болохоор л очдог байгаад нэг л өдөр жүдогийн секцээ орхисон байна. Н.Төгсцогт хүү олимпын аварга Э.Бадар-Ууганы төгссөн 79 дүгээр сургуулийг төгссөн бөгөөд түүний бахархалт хүн нь Э.Бадар-Ууган байв. Тэгээд 14 наснаасаа сонирхолдоо хөтлөгдөн боксоор хичээллэж эхэлжээ. Тэр анх кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Харин дараа нь боксын улсын аварга болж удалгүй ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн түүхтэй.


Жингээ их хасахаар ус зүүдлэх нь тамирчин хүнд байнга л тохиолддог. Төгсцогтод энэ явдал тохиож байсан гэдэг. Тэр 2009 онд Ази тивийн АШТ-д маргааш нь жингээ үзүүлэхийн өмнө унтаж байхдаа хөнжлөө барьчихсан үүнийг уучих гэж байжээ. Хүмүүс инээлдэхээр сэрсэн гэдэг.


Түүний боксын спортын А үсэг заасан анхны багш нь гавьяат дасгалжуулагч А,Гантулга /Алдар нийгэмлэг/ юм. 2008 онд Якутын Сахад болсон Азийн Хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртсэн Төгсөө хүү жилийн дараа л Италийн Миланд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргын төлөө тулалдсан юм. Боксын спортоор хичээллэсэн гурав дахь жилдээ анх удаа жин өгсөж 51 кг-д тоглосон 17 настай хүү дэлхийн ринг дээр ур чадвараа гайхуулсан нь түүний унаган авьяас, хичээнгүй хөдөлмөрийн үр шим билээ.


Н.Төгсцогт ДАШТ-ий эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбам, хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенку, гуравт Ирландын Г.Деклан, хүрэл медалийн төлөө Италийн В.Пикардиг 12:7-гоор ялсан. Мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин М.Алояныг 8:7-оор буулгаж авсан юм. Ийнхүү 17 насандаа Дэлхийн аваргын төлөө Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояатай тулалдаж ялагдсан.


Тэрбээр 3 жилийн дараа 20 насандаа “Лондон-2012” олимпийн наадамд гайхалтай амжилт үзүүлж олимпын аваргын алтан медалийн төлөө Кубын боксчин Рамирез Карразанатай 3 үеийн турш ширүүн тулаан хийж 17:14-өөр хожигдон олимпын мөнгөн медаль хүртсэн юм. 


Н.Төгсцогт "Инчеон 2014" Азийн наадамд БНСУ-ын тамирчинг гурван үеийн турш илүүрхсэн ч ялагдал хүлээсэн. Ингээд л “Рио-2016” олимпын наадмаас гарцаагүй медаль хүртэх боломж дүүрэн байсан Н.Төгсцогт сонирхогчдын боксыг орхиж мэргэжлийн боксыг сонгож АНУ-ыг зорьж мэргэжлийн тамирчин болохоор зориг шулуудсан билээ.


Монголчууд мэргэжлийн боксоор 1995 оноос хүч үзэх болсон бөгөөд Дэлхийн аварга боксчид ч байдаг. Монголын мэргэжлийн боксын анхдагч Дугарбаатарын Лхагваа нь Монгол Улсаас тодорсон анхны дэлхийн аварга бөгөөд WBA холбооны 2 жингийн дэлхийн аварга юм. Монгол улсын гавьяат тамирчин Д.Лхагваа 1972 оны 3 дугаар сарын 10-нд Улаанбаатарт төрсөн. Тэрбээр WBA /Дэлхийн боксын холбоо/-ны хөнгөн жин, супер хөнгөн жингүүдэд дэлхийн аварга цолыг хүртсэн бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 26 удаа тоглосноос 21 ялж /үүнээс 18 нь хүнд цохилтоор/, 1 тэнцэж, 4 ялагджээ.



Түүний араас мэргэжлийн боксоор тодорсон “Монгол Дайчин хочит Чойжилжавын Цэвээнпүрэв нь1971 оны 10 дугаар сарын 6-нд Улаанбаатарт төрсөн. Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв нь 2005 онд мэргэжлийн боксын World Boxing Foundation International холбооны аварга, 2008 онд мэргэжлийн боксын WBU холбооны аварга, 2012 онд WBC International холбооны “Мөнгөн бүсшагнал тус тус хүртсэн байна. Тэрбээр нийт 42 тулаан хийж 36 ялалт авсан бөгөөд 24 удаа нокаутаар ялж, 6 удаа ялагджээ.


Тэдний араас мэргэжлийн бокст хүчээ сорьсон цөөнгүй монгол залуус бий. Гэхдээ мэргэжлийн боксын дэлхийн аварга Д.Лхагваа, Ч.Цэвээнпүрэв нарын амжилтыг эвдсэн монгол боксчин өнөөг хүртэл хараахан төрөөгүй юм.


Харин олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт буюу “King Tug” нэрээр мэргэжлийн боксын ертөнцөд цахиур хагалж эхэлсэн билээ. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх анхны өрсөлдөгч нь АНУ-ын 30 настай Габриэл Брэкстон байв. Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа эхлүүлсэн юм. Түүний дараагийн тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут 24 секундэд буулгаж авсан. Мексикийн боксчин Артуро Бадилло түүний гурав дахь өрсөлдөгч байсан бөгөөд Бадиллогийн дасгалжуулагч татгалзсанаар ээлжит ялалтаа авлаа.


Дөрөв дэх тулаанаа Калифорни Коста-Месад 2015 оны 12 дугаар сарын 03-нд Мексикийн тулаанч Педро Мелотой хийж II раундад хүнд цохилтоор ялсан. Түүний тав дахь өрсөлдөгч нь АНУ-ын Хуан Руйз байлаа. Тэр эхний дөрвөн үе тэсээд л ялагдсан. Н.Төгсцогт АНУ-ын Миссисипи мужийн Туника хотноо “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай 6 дахь тулаанаа хийж, эхний үед буюу минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө буулгаж авлаа.


АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолборт Мексикийн Г.Меразтай Н.Төгсцогт мэргэжлийн боксын 7 дахь тулаанаа хийж YI раунд Г.Марез бууж өгсөн. Түүний 8 дахь тулаан Филиппиний Жон Хеминотой хийсэн тулаан байсан бөгөөд King Tug найм дараалан ялсан. “King Tug” хочит Төгсөө 2018 онд Их эзэн Чингис хааны төрсөн өдөр мэргэжлийн боксын ринг дээр 9 дэх ялалтаараа монголчууддаа бэлэг барилаа. Тэрбээр Филиппиний боксчин 23 настай Хармонито Дела Торретэй тулалдсан. "Алх" хочит Торре мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байсан юм. Хүнд тоглолтын эцэст гурван шүүгч гурвуулаа Төгсцогтод санал өгч, тэрбээр ес дэх ялалтаа авсан.


“King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг нам цохив. Ийнхүү дараалсан 10 тулаанд ялалт байгуулсан Төгсөө мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклин "Barclays Center"-т хийсэн юм. Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн аварга болох байв.


Мөн ялагч нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсныг WBC албан ёсоор зарласан. К.М.Гузман 29 настай, 2010 оноос мэргэжлийн боксоор 25 тулаан хийж 23 ялж /17 КО буюу хүнд цохилт/, хоёр удаа ялагдсан байна. Мөн 2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болсон бөгөөд хоёр ч удаа аварга цолоо хамгаалжээ. Тэр 2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO-ийн аварга болсон цолоо хамгаалж чадаагүй бөгөөд WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байсан юм.


Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанд Доминиканы боксчин Клаудио Маррейротой 12 раунд хүч үзэн яллаа. Тэр маш зальтай, хурдтай боксчин гэдэг нь энэ халз тулаанаас харагдсан. Н.Төгсцогтын хувьд, өрсөлдөгчөө 4 дүгээр раундад хүнд цохилтоор ялах боломж байсан ч тэр яарахгүй байв. "King Tug" Н.Төгсцогт 12 дугаар раундад өрсөлдөгчдөө хэд хэдэн удаа хүчтэй цохисон бөгөөд өмнөх раунд бүрт илүү байсан. Харин тэр өөрийн тоглолтын ур чадвараа бүрэн харуулалгүйгээр ийнхүү эзэнгүй байгаа IBO холбооны Дэлхийн аварга цолын эзэн болов.


Одоо "King Tug"-ийг WBC холбооны аваргын төлөө хүч үзэхээс эхлээд олон ширүүн тулаан хүлээж байна. Н.Төгсцогтынхоо энэ удаагийн тоглолтыг 200 орчим монгол хүн дэлхийн өнцөг булан бүрээс Нью-Йорк хотын Бруклины "Barclays Center"-т хүрэлцэн очиж дэмжсэн юм. Тухайлбал, "King Tug" Н.Төгсцогтыг дэмжихээр ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Э.Цогтжаргал тэргүүтэй Америк болон Канадад ажиллаж амьдардаг монголчууд Нью-Йорк хотод ирсэн байв. Монголоос олимпын аварга боксчин Э.Бадар-Ууган, МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, дэд ерөнхийлөгч Б.Батбаяр болон Д.Амарбаясгалан үндэсний бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга, улсын арслан Р.Пүрэвдавга зэрэг олон монгол АНУ-д очсон юм.


Дашрамд дуулгахад, Төгсөөг тэмцээний ринг дээр гарч ирэхэд Монгол төрийн уламжлалт Их Хар сүлд тугийг Р.Пүрэвдагва арслан барьж гарч ирсэн нь их л содон байсан юм.


Мэргэжлийн боксчин Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгчөөр АНУ-ын тамирчин, 30 настай Гери Рассель тодроод байгаа. Тэрбээр мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд хүчээ сорьсноос 17-г нь хүнд цохилтоор ялжээ. Тэр ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалсан шилдэг боксчин юм. WBC-гийн аваргын бүсийн төлөө өрсөлдөх энэ тулааны тов гараагүй байна.


Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж бүгдэд нь ялж IBO холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга болсон “King Tug” хочит Н.Төгсцогтын 12 дахь тулаан цаашдын нь амжилтын гарааг тодорхойлох тун чухал тэмцээн байх юм.

Related news