Сайншанд сумын ундны усны чанарыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-13 12:51:44

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас Монгол, Тайванийн хамтарсан “Ротари” клубын хөрөнгө оруулалтаар сумын ундны усны чанарыг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төхөөрөмж суурилуулах ажлыг энэ оны II дугаар улиралд гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд ингэснээр 25 мянга орчим хүн амтай Сайншанд сумын ундны усны чанарт ахиц гарч хүн ам цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж бүрдэнэ.

Аймгийн ундны усны 39 эх үүсвэрт хийсэн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдийн 2016 оны лабораторийн шинжилгээгээр тус аймгийн ундны ус нь хатуувтар гэсэн ангилалд багтжээ.

Усны найрлага дахь химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ уранд нэгээс 23 дахин их, фторт нэгээс 2,2 дахин их, хүнцэлд хоёроос найм дахин их, нитрат  долоо дахин их, нитрит хоёроос дөрөв дахин их, магнид нэгээс 33 дахин их байгаа нь Монгол Улсын “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал,ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS: 900-2005 cтандартын шаардлагыг хангахгүй байгаа гэж үзсэн байна.


Related news