Кудогийн улсын аваргын тэмцээнд түрүүлж хошой аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-12 16:12:58

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 10б ангийн сурагч Баттөрийн Баттөмөр Улаанбаатар  хотод болсон Монголын Кудогийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж  хошой аварга боллоо.

Өмнө нь улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг түрүүлээд байсан тэрбээр ийнхүү алтан медалиа ихэрлүүлж чадсан байна. Өнгөрсөн оны төгсгөлд Японы Нагояа хотод болсон өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байжээ. Кудо нь каратэ, бокс, бөх зэрэг спортын төрлийн элементүүдийг өөртөө агуулсан бие даасан тулааны спорт аж.

Кудог Японы их мастер Азума Такаши vндэслэсэн бөгөөд тэмцээний дүрэм нь гар болон хөлийн бvх довтолгоог толгойн араас бусад биеийн аль ч хэсэгт хийхийг зөвшөөрдөг онцлогтой.

Тамирчин толгой нүүрний хэсгийг хамгаалах зорилгоор тусгай хуванцар хамгаалалт бүхий дуулга өмсдөг. Мөн хvний бие махбодь болон оюун санааг төгөлдөржүүлэгч төдийгүй хувь хүнийг чиглүүлэх, зан суртахууны болон бие махбодийн зөв төлөвшлийг олж авахад чухал үүрэгтэй аж.

Related news