Сумын Засаг дарга нар уул уурхайн компаниудын төлөөлөлтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд суманд гуравдугаар сарын 06-нд болсон “Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөний төгсгөлд сумын Засаг дарга нар тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын төлөөлөлтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Өмнө нь аймгийн Засаг дарга төлөөлөн байгуулдаг байсан бол энэ удаа гэрээг аймгийн Засаг дарга баталж сумын Засаг дарга байгуулахаар шийдэрлэсэн нь сумын удирдлагын үүрэг оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн компаниудтай эргэх холбоотой ажиллах, тэдэнд зүй ёсны шаардлага тавьж сурах, сумын даргын ажлыг дүгнэх, хуулийг хэрэгжүүлж ажиллах, зөв хандлага тогтоох зорилготой гэж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.
Гэрээгээр компаниуд орон нутгаас ажиллах хүчнийхээ тодорхой хувийг хангах, ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлдөг байх, байгаль орчинд ээлтэй технологи ашиглах, татвараа хугацаанд төлөх зэрэг тодорхой үүрэг хүлээж байна.
Тухайлбал, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр тус суманд үйл ажиллагаа явуулдаг "Тээлийн шонхор" ХХК, "Говь марал" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээг жилийн дараа дүгнэнэ.