Шинэ багийн хилийн цэсийг ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-04 15:13:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Хүн амын суурьшил нэмэгдэж, жижиг дунд бизнес өргөжин тэлснээр Сайншанд сумын гуравдугаар багийн хүн ам таван мянга хол давжээ.

Төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх, засаг захиргааны анхан шатны нэгж багийг бэхжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн ИТХ-ын  2018 оны 12 дугаар сарын хуралдаанаар сумын хамгийн их хүн амтай гуравдугаар багийг хувааж дахин баг байгуулах тогтоол баталсан.

Дээрх  шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуралдаж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын  баталсан “Баг, хорооны хилийн заагийг тодорхойлох, баталгаажуулах аргачлал”-ын дагуу багийн хилийн заагийг тодорхойлох санал дэвшүүлж, санал дүгнэлттэй холбоотой бусад асуудлыг багийн ИНХ, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн санал авч, аймгийн Засаг даргад уламжилж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн шинэ багийн хилийн заагийг баталгаажуулахаар болжээ.

Өнгөрсөн онд Сайншанд сумын хүн ам 3.1 хувиар өсч 25559 хүрсэн нь өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн юм. Сайншанд сумын ЗДТГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд  газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ өссөнөөр орон нутагт  дагалдах  жижиг бизнес цэцэглэж 2025 он гэхэд Сайншанд сумын хүн ам 50 мянга хүрэх тооцоо гаргаад буй.

Related news