Ахмадуудын бүтээсэн хөдөлмөрийг үнэлж “Алтангадас” одонгоор шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-17 17:25:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр нар Алтанширээ сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж УИХ-аас баталж буй хууль тогтоомж, бодлого шийдвэр хийгээд орон нутагт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын  ажлын талаар мэдээлэл өглөө.

Эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж улсын эдийн засаг өнгөрсөн онд зургаа орчим хувиар өссөн, мөн  Дорноговь аймагт нефтийн үйлдвэр барих ажил эхэлсэн, Ханги- Мандлын төмөр  замын бүтээн байгуулалт өрнүүлэхээр болсон нь улсын эдийн засгийг тэлэх боломжийг нээж буй талаар албаныхан дурдсан юм. Мөн Алтанширээ суманд төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил шинэ цэцэрлэг барихаар болжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тойг бригадын ахмад настан Дэндэвийн Баттөмөр, Хаяа багийн ахмад настан Ч.Адьяа, Б.Ганьдмаа нарыг төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулав. Баттөмөр гуай залуу халуун насаа эрчим хүчний салбарт зориулж олон жил үр бүтээлтэй ажилласан бол Ч.Адьяа гуай хуучнаар “Саруул зам” нэгдлийн адуу маллаж сум, аймгийн аварга адуучин  болж байв.

Харин ахмад настан Б.Ганьдмаа хөдөө аж ахуй салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж мал эрүүлжүүлэх, сүргийн бүтцэд анхаарах,  малын удмын санг хамгаалах зэрэг үйлсэд хөдөлмөр бүтээлээ зориулсан аж.

Залуу халуун насандаа ажил хөдөлмөрийн тэргүүн эгнээнд гялалзаж, бусдыгаа манлайлж явсан ахмадууд төрийн дээд шагнал хүртсэнд нутгийн зон олон нь баяр хүргэв.  

  

                    

Related news