Яаралтай дуудлагын дагуу мэс засал хийж хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-12 19:25:39

Дорноговь /МОНЦАМЭ/.Хоёр хоногийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж явсан автобус Замын-Үүдийн орох хаалга буюу тэмээтэй хөшөөг мөргөж осол гаргаснаар хоёр  хүний амь нас хохирч, олон хүн гэмтэж бэртсэн.

Ослын  улмаас  хүний амь нас эрсдэх аюул тулгарах үед Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн гэмтлийн их эмч Х.Эрдэнэбулган, гэмтлийн их эмч Б.Гүндцамба, эрчимт эмчилгээний их эмч Ч.Болдбаатар, сувилагч Ш.Оргилмаа, сувилагч Б. Балбурам, жолооч Т. Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй баг яаралтай дуудлага хүлээн авч Замын Үүд суманд очиж сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олны хамт тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлжээ. Эмч нар нэг зорчигч тархины яс цөмөрсний улмаас цус хуралт үүссэнийг авах мэс засал, мөн нэг зорчигчийн дэлүү задарч хэвлийн цус алдалттай байсныг яаралтай мэс засал хийж амь насыг нь аварчээ.

Харин нийт 16 зорчигчийн мөчний хугарлыг оношилж хөдөлгөөнийг хязгаарлаж шохойн боолт хийж дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн байна.

Хүний амь настай холбоотой яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж мэргэжлийн ур чадвар гаргасан эмч сувилагч багийнхан болон Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олонд хүмүүс талархал илэрхийлсэн байна.

Related news