Дорноговиос улсын аварга малчны болзлыг таван хүн хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Буянт мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлсэн амжилтаар Дорноговь аймгаас Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Пүрэвжавын Содбаяр, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Ухнаагийн Энхболд, Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Дуламын Оргодол, Сайншанд сумын зургадугаар багийн малчин Мараахайн Чинбат, Айраг сумын Нард багийн малчин Энх-Очирын Бархас-Од нар Монгол улсын “Аварга малчин”-ы болзол хангажээ.
Энэ удаа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин П.Содбаярын амжилтыг онцолъё. Залуу малчин Содбаяр 2005 онд сумын сайн малчин, 2008 онд аймгийн сайн малчин, 2016 онд “Алтан хурганы эзэн”, 2018 онд “Алтан ишигний эзэн” болж байсан бол энэ жил улсын аварга малчны болзлыг хангасан байна.
Тэднийх 2767
толгой малтай, үүний 300 гаруй нь бод бол үлдсэн нь бог аж. 2016 оноос орон
нутгийнхаа малчдыг малжуулах ажилд идэвхтэй оролцож 2016 онд 513, 2017 онд 587,
2018 онд 736 толгой малыг нутгийнхаа өрх
айлуудад өгч малжуулсан аж.