Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах уралдаан зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг НЗДТГ-аас эхлүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг хотын захирагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хэрэв хуульчлан батлагдсан ерөнхий төлөвлөгөөг мөрдөж ажиллахгүй бол хот эмх замбараагүй, төлөвлөлтгүй болно. Тийм учраас ерөнхий төлөвлөгөөг дагаж ажиллахын тулд бид өнгөрсөн жилүүдэд олон арга хэмжээ авсан. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан. Өнөөдрийн Улаанбаатар хотод түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын гол хүчин зүйл нь хязгааргүй тэлэлт юм. Улаанбаатар хотын хаяанд хэн ч, хаана ч хамаагүй ирээд буудаг. Тэндээ суурьшлын бүс тогтоож хязгааргүй тэлэлт үүссэн. 2016 онд Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсэд улаан шугам татаж, 2020 он хүртэл үүнээс цааш тэлэхгүй гэсэн хязгаар тогтоосон. 2016-2017 онд хотын даргын захирамжаар шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Улмаар 2020 он хүртэл Засгийн газрын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа. Энэ нь хэдийгээр хүний шилжин суурьших эрхтэй холбоотой ч нийслэлд шилжин ирж байгаа иргэдийн хувьд дэд бүтэц болон амьдрах эрхийг нь хангах боломжгүй байгаа учир хязгаарлалт хийсэн. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн ихэнх талбайг гэр хороолол эзэлж байна. Гэр хорооллын суурьшлын бүсийг хэрхэн орчин үеийн байшин хороолол болгох вэ, тэнд дэд бүтцийн шугамыг яаж хүргэх вэ гэдэг асуудал Улаанбаатар хотын төлөвлөлт гол хэсэг. Тиймээс Сервис центр байгуулах замаар дундын бүсэд гэр хорооллын суурьшлын бүсийг бий болгох зорилт дэвшүүлсэн. Хамгийн чухал асуудал бол бид Улаанбаатар хотыг олон төвт хот болгоход чиглэдэгээрээ онцлогтой. Одоо зөвхөн Бага тойруу гэсэн нэг төвтэй. Хотын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр нийслэл Бага тойруу, Яармаг гэсэн 2 төвтэй байх юм. Мөн Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Сонсголон, Амгалан гэх мэт 8 дэд төвийг бий болгоно. Түүнчлэн дагуул хотуудын тухай асуудал яригдана. Аэросити, Майдар, Зуун мод, Налайх зэрэг дагуул хотуудад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуудлыг шийднэ. Энэ төвүүд рүү хотын төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэх ажлууд эхэлсэн. 2019 оны нэгдүгээр улирал гэхэд НИТХ, НЗДТГ хотын шинэ төв рүү нүүсэн байхаар төлөвлөлтийн ажлууд хийсэн. Энэ бүх ажлууд хийгдэж, төлөвлөгдөн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулж хийдэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхдээ иргэдийнхээ санал дээр тулгуурлана. Ихэнх хотуудын удирдлагууд иргэд нь ямар хот хүсч байна, тэдний хаана суурьших үндэслэл дээр тулгуурлан концепцийг боловсруулдаг. Тиймээс бид “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан”-ыг албан ёсоор зарлаж байна. Энэ уралдаанд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Энд ирсэн шилдэг санаанд үндэслэн мэргэжлийн хүмүүс хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулна” гэлээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шагналын сан 45 сая төгрөг байх бөгөөд иргэд, олон нийт оролцоход нээлттэй юм. Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих вэ гэдгийг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс энэхүү уралдааныг зарлаж байгаа аж.
Уралдааны “Шилдэг
санаа”-нд үндэслэн нийслэл хотын цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг
боловсруулах юм. Уг уралдааныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн
Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.
О.Мөнхжаргал