Бүгд Найрамдах Буриад Улсын Тооцооны танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-04 16:13:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Буриад Улсын Тооцооны танхимын дарга Пегасов Евгений Владимирович тэргүүтэй тус танхимын төлөөлөгчид Монгол Улсын Төрийн аудитын байгууллагатай харилцан туршлага солилцох ажлын айлчлалыг өнөөдөр хийлээ. 


Энэ үеэр Үндэсний аудитын газрын удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол зочид, төлөөлөгчдөд хандан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн мэндчилгээг уламжлахын сацуу, манай оронд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсэв.


Ноён Пегасов Евгений Владимирович Монгол Улсын Төрийн аудитын байгууллага, ОХУ-ын Тооцооны танхимын хамтын ажиллагаа 20 жилийн түүхтэй бөгөөд төмөр зам, байгаль орчин, хил орчмын бүтээн байгуулалт зэрэгт хамтран хийсэн аудитын үр дүнг онцлов. Мөн Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын бодлого, үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө болон аудитын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглаж буй мэдээлэл, технологийн шийдэл, албан хаагчдын сургалт хөгжлийн сэдвээр танилцуулга мэдээллийг Үндэсний аудитын газраас өгөв. 


Бүгд Найрамдах Буриад Улсын Тооцооны танхим үйл ажиллагаандаа мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа тул Үндэсний аудитын газрын сайн туршлагаас суралцах хүсэлтээ илэрхийлэв.


Уулзалтад Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд болон холбогдох албан хаагчид оролцож, мэдээлэл өглөө. 



Related news