УИХ-ыг тараахаар иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-11 15:43:05
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Их цааз-их эргэлт” хөдөлгөөнөөс УИХ-ыг тараахаар сая иргэнээс гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлж байгаа талаар мэдээлэв.

Эргэн мандуулах хүчин ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Батсайхан ярихдаа, “Ардчиллаар бидний олж авсан ганц том эрхийн нэг Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж  заасны дагуу УИХ-ыг тараах боломжтой. 7 сонгуулийн дараа ард иргэдийн амьжиргаа, эдийн засаг, хэл соёлын дархлаа доройтсон  үед  эрхээ эдлэх гэж байна. Нам, бүлэглэл хувийн эрх ашгаа урьтал болгосон бүлэг хүмүүс Монгол Улсын үнэт зүйлсийг худалдаж, эв эеийг боомилон талцуулж, улс орныг доройтуулж байна. Тиймээс УИХ-ыг тараахаар иргэний нийгмийн байгууллагууд эвлэлдэн нэгдэж өнөөдөр 500 гаруй хүний гарын үсэг цуглуулаад зогсохгүй хурууны хээгээр баталгаажуулж байна” гэв.
Тус хөдөлгөөнд Босоо хөх Монгол ТББ, Эргэн мандуулах хүчин ТББ, Гал үндэстэн холбоо болон бусад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд дэмжин нэгджээ. Мөн үеэр  нам эвслүүдэд уг ажилд хамтран оролцохыг  уриалж уриалга хүргүүлж эхэлжээ.
 С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ