Умард Солонгосын хүний эрхийн асуудлыг хэлэлцэхийг Хятад эсэргүүцэв

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-12-10 10:35:18

БЭЭЖИН. /Yonhap/. Умард Солонгосын хүний эрхийн байдлыг хэлэлцэхээр Аюулгүйн зөвлөлийн тусгай хурал хийх тухай НҮБ-ын  төлөвлөгөөг Хятад эсэргүүцэж, уг алхам нь Солонгосын хойгийн байдлыг хурцатгана гэж үзэв.

Умард Солонгосын хүний эрхийн байдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн жил авч хэлэлцсэн бөгөөд хоёр дахь уулзалтаа энэ долоо хоногт хийх гэж байна. Уулзалтыг энэ долоо хоногийн пүрэв гарагт хийнэ гэж Аюулгүйн зөвлөлийг энэ сард тэргүүлж буй АНУ мэдэгдсэн юм.

“Хүний эрхийн асуудалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хөндлөнгөөс оролцохыг бид үргэлж эсэргүүцдэг” гэж ойрын хугацаанд болох гэж буй уулзалтыг Хятад эсэргүүцэж буй эсэх талаарх асуултад Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа  Чунь Инь хариулжээ.

“Солонгосын хойгийн байдал эмзэг хэвээр байна. Тиймээс байдлыг хурцатгахаас зайлсхийх хэрэгтэй” гэж Хуа хэлсэн байна.

Умард Солонгосын хүний эрхийн байдлыг анх удаа хэлэлцсэн өнгөрсөн жилийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг Умард Солонгосын гол холбоотон Хятад зогсоохыг оролдсон ч, Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь дэмжсэн учир хурлыг хийсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ