Аймгийн арслан Т.Ерболатын цолыг мялаах наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-06 14:59:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын Хувьсгалын 97 жилийн ойд зориулсан Баян-Өлгий аймгийн баяр наадамд найм даван түрүүлэн "аймгийн арслан" цол Төлекийн Ерболатын цолны мялаалга наадам өчигдөр төрөлх нутаг нь болох Дэлүүн сумд боллоо.

Наадмын үеэр орон нутгийн удирдлага, ард иргэдийн зүгээс түүнд хүндэтгэл үзүүлж, цаашдын барилдаануудаас амжилт хүслээ.

Түүнчлэн хүчит 32 бөхийн барилдаан болж, тус аймгийн Алтай сумын харьяат, «Өлгийн хүчтэн» дэвжээний бөх аймгийн арслан М. Еркебулан түрүүлэн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н. Мустафа үзүүрлэлээ. Мөн аймгийн заан М.Аманбек, сумын заан Е. Көптилек нар их шөвөгт шалгарлаа.

Т.Ерболат нь боксын спортын мастер цолтой бөгөөд 2009 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн байна. 2013 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын наадамд түрүүлж "сумын заан", мөн ондоо тус аймгийн наадамд тав давж "аймгийн начин" цолыг тус тус хүртжээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ