Улсын начин Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмаас алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-05 12:11:02
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпан-Ата хотод болж буй дэлхийн нүүдэлчдийн их наадмаас Монгол Улсын тамирчид анхны алтан медалиа хүртлээ. Тодруулж хэлбэл, спортын олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхийн улсын начин Б.Серик  казах күрес бөхийн төрлөөр өчигдөр аваргалжээ.

Тэрээр хүнд жингийн төрлөөр барилдсан бөгөөд алтан медалийн төлөөх барилдаанд Оросын Холбооны Улсын бөхийг ялжээ. Мөн иран бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн байна.

Б.Серикийн хувьд “World nomads-2018” спортын их наадмаас гурав дахь медалиа хүртсэн нь энэ бөгөөд энэ сарын гуравны өдөр киргиз түмний алыш бөхийн төрлөөр хүрэл медалийн эзэн болсон билээ.

Дашрамд хэлэхэд, тус спортын наадамд манай улсаас 80, түүний дотор Баян-Өлгий аймгаас 40 тамирчин спортын 23 төрлөөр оролцож байгаа юм. Одоогоор Монгол Улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.

Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ