Хятад улс өнгөрсөн онд 271 сая тонн нүүрс импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-09-04 17:05:12
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын нүүрсний экспортын 99 хувь нь Хятад улс руу гарч буй юм. Гангийн үйлдвэрүүддээ Коксжих нүүрсийг түлхүү ашигладаг Хятад улс дэлхийн гангийн хэрэглээний 50 хувийг дангаараа бүрдүүлж байгааг “Coal Mongolia-2018” чуулганы илтгэгчид онцолж байна.

Нүүрсний экспортын хэмжээгээр Манай улс Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.

Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг хэлэхдээ, “Хятад улс улс орнуудаас 271 сая тонн нүүрс импортолсон дүн мэдээ байна. Эрчим хүчний хэрэглээ улам ухаалаг систем рүү шилжиж, шинэ шатанд гарч буйг та бүхэн харж байна. Тиймээс дэлхий дахинд нүүрс экспортлогчид технологи болоод нүүрсний чанараа сайжруулах шинэ сорилтуудтай тулгарч байна. Хятад Улс нүүрсний импортоо эрчимжүүлэх, нүүрсний бүтцийн чанарыг сайжруулахад анхаарч байна. Энэ хэрээр хятадын эрчим хүчний бүтэц бага багаар шинэчлэгдэж байна. Гэвч аж үйлдвэр хөгжсөөр байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ хэвээр үргэлжилсээр  байгаа юм. Тиймээс Монгол Улс Хятадын эрчим хүчний салбартай харилцаа холбоогоо улам тэлж, эдийн засаг худалдааг өргөжүүлэхэд талууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал. Өнөөдрийн чуулганаар нүүрсний салбарын мэдээллийг солилцлоо. Зөвхөн нүүрсний хамтын ажиллагаагаар зогсохгүй дэд бүтцийн асуудалд хамтрах боломжтой” гэв.

Хятад улс илүүдэл нүүрсийг танах, ногоон эдийн засаг хөгжүүлэх бодлого барьж буйг илтгэгчид хэлж байна. 
Харин манай улсын  эдийн засагт нүүрсний экспорт  голлох  байр суурийг эзэлсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрөгч онд нийт экспортын орлогын 40 хувийг нүүрсний салбар бүрдүүлснийг “Coal Mongolia-2018” чуулганы төлөөлөгчид тодотгож байв
 
Б.Заяа
Холбоотой мэдээ