Бразилийн музейд дэгдсэн гал түймэр агаарын бөмбөлгөөс үүдэлтэй байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-09-04 16:33:00
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Синьхуа/. Өнгөрсөн ням гарагийн орой Бразилийн Рио-де-Жанейро хотноо байрладаг Үндэсний музейд гарсан гал түймэр нь музейн дээвэр дээр унасан жижиг агаарын бөмбөлөг эсвэл цахилгааны богино холболтоос үүдэлтэй байж магадгүй гэж тус улсын Соёлын сайд Серхио Са Лейтао даваа гарагт мэдэгдсэн байна.

Тэрбээр энэхүү түймрийг “хэмжээлшгүй их харамсал төрүүлсэн явдал” хэмээн онцлон тэмдэглээд гал түймрийг унтраах ажиллагаа хэт оройтсон гэж мэдэгдсэн байна.

“Тухайн үед Үндэсний музей хаасан байсны зэрэгцээ гал сөнөөх багийн ажилтнууд хэдийнэ гэртээ харьсан байсан ба дөрвөн хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байсан. Түймэр музейн арын хэсэгт гарч эхэлсэн нь хамгаалагчдыг оройтож мэдэхэд хүргэсэн байна” гэж С.Лейтао нэмж хэлжээ.

Мөн гал түймрийн шалтгааныг олж тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг улам гүнзгийрүүлэн явуулах шаардлагатай байгаа ажээ. Аз болоход, музейн гадна талд байрладаг нөөцийн хэсэг галд өртөөгүй бөгөөд музейн ажилтнууд шатсан үзмэрүүд дундаас галд бага өртсөн үзмэрүүдийг олохоор ажиллаж байгаа аж.

Э.Хулан 
 
Холбоотой мэдээ