“Чингис фестиваль-2018”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-27 15:23:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн хүрээнд “Чингис фестиваль-2018” Олон улсын ардын урлагийн их наадам Чингис хотноо боллоо.

Энэхүү наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ-ын ивээл дор АДБ-ийн Хан Хэнтий чуулга Монголын Ардын Урлагийн Холбоотой хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан юм. Хүүхэд залуус, өсвөр үеийнхэнд оролцогч орнуудын соёл урлагийн өв санг таниулан сурталчлах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, улс үндэстний хүүхэд, багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, үндэсний соёл урлагаа үзүүлэн таниулах зорилготой уг их наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны авьяаслаг хүүхэд багачууд оролцлоо.

Наадмын хүрээнд хүүхэд багачуудын нэгдсэн тоглолт, Эрийн гурван бэсрэг наадам, Нэгдсэн эв нэгдлийн парад алхалт, Хан Хэнтий чуулгын уран бүтээлийн тоглолт, Галын наадам, оройн урлагийн арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагаанууд өрнөв.

Монгол орны Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудаас гадна Улаанбаатар хотоос 100 гаруй хүүхэд багачуудын бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцов. Үүнд Монголын шилдгийн шилдэг хүүхдийн бүжгийн хамтлагууд ирж, Хэнтийчүүддээ өөрсдийн уран бүтээлийг толилуулсан сайхан үйл явдал боллоо.

Тус наадам нь урлагийн бүх төрлөөр зохион байгуулагдаж шилдгээ шалгаруулдгаараа тун онцлог юм. Говьсүмбэр аймгийн “Жанжинчойр”, Сэлэнгэ аймгийн “Нарны зам”, ӨМӨЗО-ны хамтлагууд тус тус гран-при шагналын эзэд болов.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ