Өмнөд Солонгосоос Лаос улсад тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-27 15:34:29
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгос улс ширүүн аадар бороо хийгээд далан нурсны улмаас үүдсэн үерт автан, их хэмжээний хохирол амсаад байгаа Лаос улс руу байгалийн гамшгийн уршгийг арилгах тусламжийн багийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд илгээхээр шийдээд байгаа бөгөөд түүнээс гадна 1 сая ам.долларын өртөг бүхий яаралтай тусламжийг тус улсад үзүүлэхээр болсон тухай БНСУ-ын гадаад хэргийн яамнаас баасан гарагт мэдээлэв.

Уг тусламжийн баг нь 15 эмч, албаны 5 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд тэд ирэх ням гарагт гамшигт өртөөд байгаа улс руу хөдлөх ажээ. Өмнөд Солонгосын засгийн газраас 500 мянган ам.долларыг бэлнээр болон 500 мянган ам.долларын үнэ бүхий тусламжийн материалуудыг гамшгийн улмаас сүйдээд байгаа тосгодыг сэргээн босгоход зориулан илгээх аж. Дээрх материалуудыг маргааш буюу бямба гарагт цэргийн тээврийн нисэх онгоцоор хүргэх юм байна.

Лаост болсон үерийн улмаас 20 гаруй хүн амиа алдаад байгаа бөгөөд сураггүй болсон 130 гаруй хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.
Э.Хулан
 

Холбоотой мэдээ