Буутай этгээд нэг хүний аминд хүрч, олон хүнийг шархдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-23 17:26:59
ТОРОНТО. /АП/. Канадын Онтарио мужийн Торонто хотод өнгөрсөн ням гарагийн орой гудамжаар алхаж байсан буутай этгээд зоогийн газар болон кафед байсан хүмүүс рүү гал нээсний улмаас 14 хүн бууны суманд өртөж, тэдний нэг нь амиа алдсан гэж тус хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Цагдаа нар хэргийн газарт ирж гэмт этгээдтэй харилцан буудалцаж, түүнийг газар дээр нь устгасан байна.

“Грек хорооллын ойролцоо болсон уг хэрэг нь санаандгүй явдал биш бөгөөд террорист халдлагын шинжтэй байхыг үгүйсгэхгүй” гэж цагдаагийн дарга Марк Саундерс мэдэгджээ. Хэргийн газарт гэмт этгээдээс гадна нэгэн залуу эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан байна. Бууны суманд өртсөн бусад хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Нэгэн гэрчийн хийсэн богино хэмжээний дүрс бичлэгт хар малгай, хар хувцастай нэгэн эрэгтэй хурдан алхаж ирээд зоогийн газар руу гурван удаа буудсан байна. Торонто хотын уг хороолол нь Грек зоогийн газар, кафе ихтэй, оршин суугчдын бүс юм.

Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар гэмт этгээд гудамжаар алхаж байхдаа замын хоёр талд байгаа үйлчилгээний газрууд руу ээлжлэн гал нээсээр байсан бөгөөд буун дуу маш олон сонсогдсон гэжээ.
Э.Хулан

Холбоотой мэдээ