Умард Солонгосын өндөр албан тушаалтан Хятадад айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-23 16:49:46
МОСКВА. /ТАСС/. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн орлогч дарга Лю Мёнсон өнөөдөр Бээжин хотод айлчилжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн мэдээлснээр, хоёр улсын томоохон хэмжээний эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэх нь энэхүү айлчлалын гол зорилго болж байгаа аж.
 
“Солонгосын Хөдөлмөрийн  намын төлөөлөгчид өнгөрсөн 5 дугаар сард Бээжин хотод айлчлахдаа эдийн засгийн салбарт Хятад улстай хамтран ажиллах асуудлуудыг боловсруулсан байж магадгүй юм. Харин энэ удаагийн айлчлалаар талууд илүү нарийн асуудлуудыг хөндөх төлөвтэй байна.  Тухайлбал энэ удаад нам хоорондын түвшинд хамтран ажиллах талаархи асуудал яригдаж магадгүй байна” гэж эх сурвалж мэдээлжээ.  
 
Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгчид Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн урилгаар өнгөрсөн 5 дугаар сарын дундуур Хятад улсад айлчилсан юм. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Пак Тэ Сон БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах үеэрээ эдийн засагт түшиглэсэн шинэ стратегийг дагаж мөрдөх түүнчлэн Хятад улсын эдийн засгийн туршлагаас суралцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
 
 
 Э.Аянзаяа 



Холбоотой мэдээ