Зохиолч Ц.Түмэнбаярын “Мэлмийн гүнд” ном хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-07-18 10:04:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаяр “Мэлмийн гүнд” номоо өлгийдөн авлаа.

Тэрбээр “Удган”, "Мэргэнд буусан чоно”, “Согоо суман”, “Дөргөнэ хатны алтан зоос” зэрэг тууж, өгүүллэг, шүлгийн ном 10 гаруйг хэвлүүлсэн бөгөөд “Тэнгэр мэднэ”, “Цагаан сүүний домог”, “Нүцгэн натур”, “Хурдан том болмоор байна” зэрэг уран сайхны кино, “Мэргэнд буусан чоно”, “Миний бяцхан зоргол”, “Мөрөөдлийн үзэг” зэрэг бүжгэн жүжиг, драмын жүжиг, “Тусгаар тогтнолын төлөө”, “Улсын цол Монгол” зэрэг телевизийн, “Шинэ жилийн цагаан шөнө”, “Өндгөн эс”, “Буцах тийзгүй аялал” зэрэг радио жүжгийг олны хүртээл болгосон юм. 
Шилдэг бүтээл туурвисны учир 1999 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн, 2006 онд Д.Нацагдоржийн, 2008 онд С.Удвалын, 2011 онд С.Буяннэмэхийн нэрэмжит, 2011 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртжээ.
Зохиолчийн шүлэг, өгүүллэг нь ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстаны ном, хэвлэлд орос, хятад, монгол, англи, солонгос, казах хэлээр хэвлэгдсэн. 
Д.Галбаатар /Sh.D/, Д.Сампилдэндэв /Sh.D/, Г.Мөнх-Оргил /Ph.D/, Д.Өлзийбаяр /Ph.D/, Г.Оюунчимэг /Ph.D/ нарын манай утга зохиол, урлаг судлаачид болон ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор, профессор П.Петрова, дэд доктор А.Гроховский, дэд доктор Илево Регена нарын арваад судлаач түүний бүтээлүүдээс судлан бие даасан өгүүллүүд хэвлүүлсэн байна. 
Түүний бүтээлээс Монголын ЕБС-ийн сурах бичигт хэвлэснээс гадна Тайз дэлгэц, утга зохиолын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудад сургалтын материал болгон үздэг. Мөн БНХАУ-ын монгол хэл үздэг сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн улсын их сургуульд монгол уран зохиол, хэл шинжлэлийн хичээлд сургалтын гарын авлага болгон ашиглаж байна.
Ж.Болор
Холбоотой мэдээ