“Ирвэстэй нутгийн ирээдэй” төсөл таван суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-06 10:03:29
 Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төсөл нь Увс аймгийн Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан, Ховд сумдад хэрэгжих аж.

Энэ хүрээнд нутгийн иргэд болон малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулах төдийгүй, ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулах, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
“Монгол оронд 800-1000 орчим цоохор ирвэс байгаа нь дэлхийн нийт популяцын 20 хувь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг. Гол идэш тэжээл нь тарвага юм. Тарвага байхын тулд өвс тэжээл байх ёстой. Өвс тэжээл нь байна гэдэг мал аж ахуй нь байна гэсэн үг. Мал аж ахуй бол Монголчууд бидний амьдралын хамгийн үнэт эх үүсвэр. Иймээс ирвэс болон хүн зэрэгцэн орших нөхцөл боломжийг бүрдүүлж экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байна” хэмээн тус төслийн зохицуулагч Д.Тогтохбаяр хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ