Увсад бензиний үнэ нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-05 18:15:05
Увс /МОНЦАМЭ/. “НИК-Петровис” компанийн Увс аймаг дахь салбар бензин шатахууныхаа үнийг нэмэгдүүлээд тав хонож байна. А 92 бензиний нэг литр нь 70 төгрөгөөр нэмэгдэж 2010 төгрөг, А 80 бензин мөн л 70 төгрөгөөр нэмэгдэж 1830 төгрөг болсон байна. Харин дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж 2150 төгрөгөөр литр тутам нь худалдаалагдаж байна. Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй бензин шатахуун худалдаалдаг бусад компанийн салбарууд одоохондоо үнээ нэмэгдүүлээгүй байна.

Аймгийн сум бүрт шатахуун түгээх станц ажиллуулдаг, бас дээр нь Улаангомд 5-6 ШТС-тай “НИК-Петровис” компанийн Увс аймгийн салбар ийнхүү бензин түлшнийхээ үнийг энэ сарын нэгнээс нэмэгдүүлсэнд хязгаар нутгийн иргэд бухимдаж байна. Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс гадна бусад бензин шатахуун худалдаалдаг компанийн салбарууд дагаад үнээ нэмэгдүүлэхгүй гэсэн баталгаа алга байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ