Гамшгийг даван туулах гол хүчин зүйл нь хувь хүний хандлага, санаачилга гэж онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-04 18:21:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн Сайд нарын хурал өнөөдөр үдээс хойш “Гамшгийн эрсдлийг бууруулах засаглал”-ын сэдвийг хөндлөө.
 
Төр, засгийн оролцоо болон шийдвэр чухам олон нийтийн хандлага, оролцоон дээр түшиглэн гардаг
 
AMCDRR буюу Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын Улаанбаатарын энэ удаагийн Бага хурал нь 2 дахь хурал бөгөөд гамшгийн эсрэг “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдахаас өмнө Азийн орнуудад олон хурал ээлжлэн болж байсан ч тэдгээр нь нэгдүгээрт, тухайн үедээ улс орнуудын төр, засгийн түвшинд хүрч хараахан чадаагүй байжээ. Хоёрт, тухайн хурлуудыг зөвхөн бүс нутгийн хэмжээнд хийж байв. Харин “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдсанаас хойш улс орнуудын Сайд нарын түвшний оролцоо бий болж, төр, засгийн хэмжээн дэх анхны хурал Энэтхэгийн Дели хотод хуралдсанаас хойш 2 дахь нь ийнхүү Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байгааг онцлох учиртай.
Засаглалын түвшний энэ өөрчлөлтийг өнөөдөр болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах засаглал”-ын сэдвээр болсон салбар хуралдаан дээр хөндөж, Япон, Филиппин улсын төлөөлөгчид “Гамшиг бол хүнээс үл хамаарах, байгалийн давагдашгүй хүч бөгөөд энэхүү эрсдлийг даван туулж бууруулах гол хүчин зүйл нь хувь хүний хандлага санаачилга юм” гэлээ. Тодруулж хэлбэл, хүмүүсийн сэтгэхүй, хандлагыг өөрчилж ойлгуулж байж гэмээн санаачилга нийгэм талаасаа доороос гарна. Харин түүнийг мэдлэг, мэдээллээр хангаж баяжуулах нь гамшгийн эрсдэл, хохирлыг бууруулах гол хүчин зүйл, үндэс болдог бөгөөд энэ дээр төр, засгийн оролцоо нь зохицуулах механизмаар хангагддаг. Төр, засгийн оролцоо болон шийдвэр чухам олон нийтийн хандлага, оролцоон дээр түшиглэн гардаг. Нэг ёсондоо олон нийтийн оролцоо хүчийг залах залуур нь төр, засгийн зохицуулалт, шийдвэр юм гэдгийг онцолсон юм.
 

 
Азийн Сайд нарын Бага хурал бүс нутгийн хэмжээнээс хальж тив дэлхийн платформ болж буйгаар онцлогтой
 
Гамшгийн эсрэг Азийн Сайд нарын Бага хурал болж буй энэ өдрүүдэд олон улсын анхаарал Монголд төвлөрч байна. Олон улсын Бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрх авна гэдэг Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, эрхзүйн орчин, гамшигтай тэмцэх бодлого шинэчлэл бүс нутагтаа зохих хэмжээнд байгааг хүлээн зөвшөөрч, харуулж буй.
НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнээс хальж гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгож бэхжүүлэх зорилготой тив нутгийн платформ болж буйгаар онцлогтой. Бага хурлаас “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц, дэвшлийг үнэлж дүгнэн бодлогын гурван томоохон баримт бичгийг батлан гаргана. Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглалыг батлан гаргах юм. Мөн зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь”  сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулж буйгаар ихээхэн онцлог ач холбогдолтой юм. Энэ хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тэргүүнд анхаарах асуудлын талаар хэлэлцэж үндэсний болон гадаад улс орны төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж болон хүргэх юм.
Б.Болд
 
Холбоотой мэдээ