Сонгуульд нэр дэвшигчийг төрөөс санхүүжүүлэх санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-09 13:13:34

МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудын төлөөллийг оруулсан “Сонгуулийн хуулийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр буюу энэ сарын 08-нд хуралджээ. Энэ талаар өнөөдөр улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 22 гаруй нам байдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын үндэсний зөвшилцлөөр Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Энэ зөвшилцлөөс Сонгуулийн хуулийг өөрчлөх нэн шаардлагатай гэдэгт санал нэгдэж, 22 намаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр ажлын хэсгийн хуралдаанаар дөрвөн зүйл дээр санал хураасан.  Тухайлбал, Шинээр хуулийн төсөл  боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн” гэлээ.

Ингэхдээ 2012 оны Сонгуулийн хуулийн 8 зүйл дээр өөрчлөлт оруулна гэлээ.

Тухайлал, сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс санал тоолох арга замыг боловсронгуй болгох, саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн намуудын жигд төлөөллийг оролцуулах, сонгуулийн санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн гадаадад суугаа иргэдийн саналыг шуурхай авдаг байх, сонгуульд өрсөлдөх жендерийн оролцоо хувь хэмжээг тодорхой болгох, нэмэгдүүлэх гэсэн 8 зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал нэгдсэн. Ажлын хэсгийн хурлын үеэр  МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл УИХ-ын даргад Төрөө шударгаар бий болгох, сонгуулийг шударгаар явуулахын тулд Сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм учраас сонгуулийн хуулийг Намрын чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд оруулж өгөөч гэсэн хүсэлт хүргүүлэх санал гаргасныг олонх дэмжсэн хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээллээ.

Мэдээллийн дараа улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн боловсронгуй болгох вэ?

-Хамаг Монгол хөдөлмөрийн нам (ХМХН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Одоо бол сонгуульд оролцох нь мөнгөтэй салшгүй холбоотой. Тиймээс 4 жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах нь зөв. Ингэснээр нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ.

-Сонгуульд оролцогчид хэдэн төгрөг шаардлагатай байдаг юм бэ, төсөв алдагдалтай байгаа  үед нэр дэвшигчийн санхүүлжилтийг төрөөс гаргах боломжтой юу?

-ХМХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Сонгуулийн жилийн Хоёрдугаар сарын 1-ний дотор төрөөс сонгуулийн тойрог бүрийн нутаг дэвсгэр, хүн амын нягтаршилд тулгуурлан нэг нэр дэвшигчид олгох мөнгөний дээд хэмжээг тодорхойлдог. Гэхдээ энэ хөрөнгийг төр бус сонгогчид болон намын гишүүдийн хандиваас бүрдүүлдэг. Энэ хөрөнгийг нэг удаа төрөөс гаргах боломжтой гэж үзэж байгаа. Нэр дэвшигч бүр өөр өөр хэмжээний хөрөнгө гаргадаг. Зарим нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа 500 сая төгрөг зарцуулсан байхад нөгөө хүн нь 1 тэрбум төгрөг гаргасан тохиолдол ч бий. Үүнийг дундажлаад ерөнхий мөнгөн дүн гарна.

-Р.Бурмаа гишүүний ахалсан Ажлын хэсэг Сонгуулийн хуулийг боловсруулж байгаа. Энэ хуулийг дэмжих үү?

-МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, Сонгууль ойртсон энэ үед УИХ-аас байгуулсан ажлын хэсэг хэт удаашралтай ажиллаж байна. Одоо цаг хугацаа бага тул Сонгуулийн хуулийг шинээр батлах боломжгүй. Харин 2012 онд баталсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно. Ирэх онд болох УИХ-ын Сонгуулийн дараа АСЕМ-ын том хурал болно. Энэ үед Монгол Улсын УИХ, Төр засгаа тогтвортой болгосон байх ёстой. Үүнд сонгуулийн хууль томоохон нөлөө үзүүлэх юм. Тиймээс улс төрийн намуудын боловсруулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хүсэлт гаргав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд